Мод тарьж, буян үйлдэж чадсан уу
- 2017-05-03
- Байгаль орчин
- 0
Аливаа улсын нийслэлийн 90 хувь нь ногоон байгууламж байна гэсэн олон улсын стандарт байдаг юм байна. Гэтэл манай улсын нийслэл Улаанбаатар хотын ердөө тавхан хувь нь ногоон байгууламж байдаг гэсэн харамсалтай тоо бий. Угтаа бол ногоон байгууламжийг хот суурин газрын оршин суугчдын тоо, түүний шилжилт хөдөлгөөн, цаашдын өсөлтийн хандлага, гудамж замын хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлийг харгалзан харилцан адилгүй хэмжээ ангиллаар тодорхой төлөвлөгөөний дагуу байгуулдаг. Харин “Азийн цагаан дагина” хэмээн нэрлэгдэж байсан Улаанбаатар хотод маань ногоон байгууламж бараг л байхгүй. Байгаа жаахан ногоон байгууламж дээр нь том машинтай хүмүүс тоох ч үгүй машин тэргээ тавьчихдаг. Адаглаад л “Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян” гэж ярьдаг шүү дээ. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Speak out” булангаараа иргэдийн байр суурийг хүргэж байна.
Г.Батдэлгэр: Мод тарих гэж байгаа бол намрын цагт хүйтэнтэй уралдаад л тарьдаг юм шүү
/Сүхбаатар дүүргийн иргэн/
-Мод тарихад эхлээд нүхээ бэлдэх шаардлагатай. Дараа нь хар шороо, элс зэрэг шороонуудаа хийгээд, хамгийн гол нь дөнгөж суулгаж байгаа зулзаган моддыг маш сайн услах хэрэгтэй байдаг. Ах нь хашаандаа гурван хар модтой, үхрийн нүд тарьсан. Ер нь арчилгаа ихтэй хаврын цагт усалгаа их шаарддаг. Гэхдээ мод тарих их сайхан.
Ногоожуулах, төрөлжүүлэх гэдэг нь манай улсын хувьд маш их хэрэгтэй зүйл л дээ. Хэт хуурай, шороо тоос ихтэй нөхцөлд хамгийн зөв арга нь ногоон байгууламжийг цогцлоох юм шүү. Би хоёр зээтэй. Тэд маань жаахан тул улам л цэвэр агаар, шороо, тоосгүй орчин хэрэгтэй. Тийм болохоор ах нь аль болох цэцэг навчнаас эхлээд л тарьж болох бүхий л зүйлийг тариалахыг хичээдэг. Нэг зүйл хэлэхэд, мод тарих гэж байгаа бол намрын цагт хүйтэнтэй уралдаад л тарьдаг юм шүү. Нэг ёсондоо унтаа байхад нь суулгадаг гэсэн үг.
А.Ганбаяр: Хөдөө, хээр тарьсан модыг эргүүлээд арчилахад жаахан хүндрэлтэй байдаг
/Баянгол дүүргийн иргэн/
-Би чамлахааргүй олон мод тарьж байсан. Хамгийн анх арван жилдээ мод тарьж эхэлсэн. Ерөнхий боловсролын сургуулиуд чинь сургууль төгсөхөөр төгсөх ангийнхан нийлж байгаад нэлээд олон мод үрслүүлдэг. Түүний жишгээр л анх тарьж байлаа. Харин одоо өөрийн санаачилгаар клубуудэд нэгдээд хөдөө, хээр, хот гээд хаа сайгүй л тарьж үзсэн.
Гэхдээ хөдөө, хээр тарьсан модыг эргүүлээд арчлахад жаахан хүндрэлтэй байдаг. Их хол болохоор байнга очно гэсэн ойлголт байдаггүй. Бас яг зориод очихоор нөгөө модоо олохгүй тохиолдол олон байсан. Харин хоттой ойрхон байх тусмаа л түүнийг анхаарч, халамжлахыг хичээдэг дээ. Ойролцоогоор таван жил орчмын хугацаанд 40 гаруй мод тарьсан. Гэхдээ одоогоор цаг, зав нь болохгүй байгаа болохоор мод тарьж чадахгүй л байна.
Ж.Намжилмаа: Мод тарьсанаар хайрлах, энэрэх сэтгэлд нь маш их нөлөөлдөг
/Сонгинохайрхан дүүргийн иргэн/
-Би Сэлэнгийн Зүүнхараагийн хүн л дээ. Нэг ёсондоо хөдөөнийх гэсэн үг. Хотод тарьсан ногоогоо борлуулах гэж орж ирсэн. Гэхдээ ногоо тариалахынхаа хажуугаар давхар мод тарьдаг. Аав, ээж, ах, дүү нар маань бүгд хашаандаа мод тарьдаг. Өөрсдөө ч их дуртай байдаг шүү. Их олон жаахан хүүхдүүдтэй болохоор тэднийгээ ч бас мод хэрхэн тарих вэ. Байгаль орчноо хэрхэн хамгаалах вэ гээд л олон зүйлд сургадаг.
Наад зах нь жилийн дөрвөн улирлын хэдийд нь мод тарих ёстой вэ гэдгийг манай хүүхдүүдийн хэн нь ч ялгаагүй маш сайн мэддэг. Намар дөхөөд л ирэхээр ээж хэдийд модоо тарих вэ гээд л асуугаад байдаг. Тэгэхээр нь би ч их дуртай тарьдаг шүү. Мод тарьснаар дан ганц ногоон орчин бий болгохоос гадна хүүхдийн хүмүүжил, төлөвшилт, хайрлах, энэрэх сэтгэлд нь маш их нөлөөлдөг.
Ц.Отгонцэцэг: Хотод ногоон орчин байгуулъя гээд аян зохиовол би үнэ төлбөргүй үрсэлгээний мод бэлэглэнэ
/Сэлэнгэ аймгийн иргэн/
-Мод тарих чинь их сайхан шүү дээ. Би зуслан дээрээ наранцэцэг, улаан лооль гэх мэт нарийн ногооноос гадна нарс, хуш гацуур зэрэг мод 10 орчмыг суулгасан. Одоохондоо ногоороогүй л байна. Гэхдээ их сайхан харагддаг. Бас өөрийн хөдөлмөрийн үр шимээ хараад сууна гэдэг үнэхээр гоё.
Гэхдээ гоё хэдий ч хөдөлмөр их шаарддаг. Ялангуяа, чацарганы мод бол усалгаа, арчилгаа нэлээд их шаарддаг. Харин хотод байрандаа цэцэг үрслүүлдэг. Түүнийгээ зургаан сар гарахаар зуслан руугаа авч явна гэсэн бодолтой байгаа. Хэрвээ хотод ногоон орчин байгуулъя гээд аян зохиовол би үнэ төлбөргүй үрсэлгээний мод бэлэглэнэ.
Б.Мөнхтулга: Энэ чинь сайн үйлсийн нэг шүү дээ
/Сүхбаатар дүүргийн иргэн/
-Боломж нь олдвол мод тарихыг л бодно доо. Энэ чинь сайн үйлсийн нэг шүү дээ. Харин Улаанбаатар хотод тарьсан моддын ихэнх нь арчилгаа дутагдсандаа ч юм уу, эсвэл хүмүүсийн буруутай үйлдлээс болоод ч юм уу хавар тарьсан нь намар үхчих тохиолдол асар их байдаг. Үүн дээр анхаарч ажиллавал зүгээр байх.
Магадгүй ажилгүй иргэдийг хотын ногоон байгууламжийг арчлах цагийн ажилд авах гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулбал аль аль талдаа ашигтай юм шиг санагддаг.
С.Ганболд: Энэ жилдээ багтаагаад гурван мод тарина гэж бодож байгаа
/Чингэлтэй дүүргийн иргэн/
-Мод тарих, хийд бүтээх, ном бичих гурав чинь хамгийн дээд буяны нэг гэдэг юм байна билээ. Тэгэхдээ ах нь мод тарьж үзээгүй ээ. Залуу байхдаа их омголон ч байж, тэнэг ч байж. Хүмүүс нэгдэж зөндөө л мод тарих уриалга гаргадаг байсан. Гэхдээ түүний нэгэнд нь ч орж байсан удаагүй. Хэрвээ одоо мод тарих боломж олдвол дуртайяа тарих болно. Ах нь энэ жилдээ багтаагаад гурван мод тарина гэж бодож байгаа. Гэхдээ тэр чинь бас санасны зоргоор болчихдог эд биш гэсэн. Арчилгаа их л хэрэгтэй байдаг гэнэ билээ. Тиймээс анхаарал, халамж л их шаардах юм шиг байна.
Ж.Отгонжаргал: Хар мод агаар цэвэршүүлэхдээ илүү сайн
/Хан-Уул дүүргийн иргэн/
-Мод тарих нь эко орчин бүрдүүлэхэд ашигтай гэж боддог. Манай зуслангийн хашаа тэр чигтээ л модтой. Намайг жаахан байхаас л аав, ээж маань зусланд гарахаараа мод, жимс тарьдаг байсан. Одоо ч тарьж байгаа. Өнгөрсөн зун гэхэд л таван мод суулгасан. Түрүү долоо хоногт очиж үзэхэд нэлээд хөөрхөн том болчихсон юм шиг санагдсан. Гэхдээ мод бүр янз бүрийн үйлчилгээтэй байдаг юм байна билээ. Хар мод агаар цэвэршүүлэхдээ илүү сайн гэсэн болохоор өнгөрсөн жилийн тарьсан модод дандаа хар мод байсан. Хүмүүс мод тарих хэцүү л гэж боддог. Уг нь нэг тариад дадал болгочихвол их сайхан шүү.
Н.Баасанхүү: Нэг давхар байшинтай тэнцэхүйц болчихсон байсан шүү дээ
/Сонгинохайрхан дүүргийн иргэн/
-Ээж маань мод их тарьдаг хүн байсан юм. Ээжийнхээ ачаар би ч гэсэн мод тарих дуртай болсон. Ер нь аливаа зүйлийг өөрийнхөө сонирхлоор хийнэ гэдэг үнэхээр сайхан. Жилдээ ер нь нэг мод тарьж, арчлахыг хичээдэг. Тэгэхдээ орон сууцанд амьдардаг болохоор мод тарих ямар ч боломж байдаггүй. Гэлээ гээд зүгээр суулгүйгээр хотын хөгжил, ногоон байгууламжид хувь нэмрээ оруулахын тулд чадах чинээгээрээ л аянд хамрагдахыг хичээдэг. Ер нь модыг намрын улиралд таривал илүү сайн байдаг гэсэн. Гэхдээ хамгийн анх хавар цагт нэг жижигхэн мод тарьж байсан. Тэр маань нэлээд том болчихсон бүүр нэг давхар байшинтай тэнцэхүйц болчихсон байсан шүү дээ.
н.Нансалмаа: Нэлээд хэдэн мод тарьж л байлаа
/Чингэлтэй дүүргийн иргэн/
-Би өөрөө багш мэргэжилтэй. Насаараа сургуульд олон хүүхдүүд дунд бужигнаж өтөлсөн. Манай төгсөлтийнхөн ч их мод тарьдаг байсан. Хавар болохоор л мод суулгана, модоо усална гээд л хөдөлгөөнд ордог. Ер нь сургууль болгон л тэгдэг байх. Хавар болмогц хашаа талбайгаа зүлэгжүүлэх, моджуулах ажлуудыг эрчимжүүлдэг. Бас тэр ажлууддаа багш, сурагчдыг ихээхэн татан оролцуулдаг байсан. Тэр ч утгаараа нэлээд хэдэн мод тарьж байлаа. Түүнээс гадна хувиараа ч гэсэн нэлээдгүй мод тарьж л явлаа. Одоо хөгшрөөд мод тарих нь багассан. Багассан ч гэж ер нь тарихгүй байгаа. Ямар ч байсан залуу байхдаа нэлээд идэвхтэй байсан.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл (1)
irgen (202.21.115.82)
ÐÐÐ ÐÐÐÐÐÐЫР2-3 ÐÐРТÐÐ ÐУÐÐÐ¥ ÐÐÐÐ ÐÐÐ¥ÐÐÐ¥ Ð¥ÐÐ ÐÐТÐÐ,