Д.Оюунхорол: Аюултай хог хаягдал устгах байгууламжийг гурван цэгт байгуулна

 

        Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд ярилцлаа.

 

-Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцэж байна. Гол өөрчлөлтүүд нь юу вэ?

 

-Монгол Улсад хог хаягдлыг дахин боловсруулж, экспортолж байгаа хэмжээ ердөө нэг хувьтай байдаг. Бид энэ хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.  Одоо хэрэгжиж буй хуулиар хог хаягдлын дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал олгох харилцааг зохицуулаагүй байсан. Харин энэ хуулиар бүрэн зохицуулах боломжийг олгоно. Мөн хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаанд хаана, хэн, ямар шийдвэр гаргах, шаардлага тавих зэргийг тодорхой болгож байна. Хог хаягдлыг дахин боловсруулах, ашиглах, түүнээс эрчим хүч үйлдвэрлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах, байгалийн нөөц баялгийг хэмнэх, эцсийн хог хаягдлыг бууруулах зорилгыг агуулсан хууль гэж болно.

 

-УИХ-ын гишүүд хэлэлцүүлгийн үеэр аюултай хог хаягдлыг хэрхэх болон дахин боловсруулах үйлдвэрийн асуудлыг нэлээд сонирхох шиг боллоо?

 

-Улаанбаатар хотын ойролцоо аюултай хог хаягдлыг устгах байгууламж байдаггүй. Тиймээс аюултай хог хаягдал устгах байгууламжийг 37.5 га газарт гурван цэгт байгуулахаар болсон. Гэхдээ хууль батлагдсаны дараа Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр тусгасан байгаа. Түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэх хариуцлага маш сул байсныг чангаруулсан. Мөн зөрчлийг мэдээлсэн иргэдэд урамшуулал олгохоор болж байгаа. Ерөнхийдөө хог хаягдлыг баялаг гэж үзэх сэтгэхүйг нийгэмд бий болгох шаардлагатай байна. Хог хаягдлын зохистой менежментийг бий болгож, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагаар тогтмол мэдээлэл явуулдаг болох шаардлага бий.

 

-Хог хаягдал үүсгэсэн аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцдог болж байгаа гэсэн?

 

-Үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх гэсэн зарчмыг баримталж байгаа. Тодруулбал, зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүдсэн хаягдал, сав, баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах ажлыг импортолсон болон үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцдаг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл олон мянган архины шил эсвэл цаасны хаягдлаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд өөрсдөө татаж авч шийдвэрлэх зохицуулалтыг оруулж өгсөн.

 

-Төрийн мэдлийн хаягдал боловсруулах үйлдвэр ер нь хэд байдаг бол?

 

-“Жайка”-гаас барьж өгсөн нэг жижиг үйлдвэр бий. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан үйлдвэр байхгүй. Техник эдийн засгийн үндэслэлүүдийг нь боловсруулсан хэрэгжиж чадаагүй зүйлс бол бий. Тиймээс концесс болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хог хаягдал боловсруулах үйлдвэр барихгүй бол хогондоо дарагдсан Улаанбаатар болчих вий гэсэн болгоомжлол байна. Энэ ч үүднээс нэлээд нарийн зохицуулалтыг хуульд оруулж өгсөн. Тухайлбал, төр хувийн хэвшлийн түншлэлээр хог боловсруулах үйлдвэрүүдийг баривал төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэх ёстой гэж үзэж байгаа.

 

-Төр, хувийн хэвшил хамтарсан үйлдвэр байдаг уу?

 

-Одоохондоо байхгүй. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөр өөрсдийн ямар орон тоотой, тоног төхөөрөмжтэй ажиллах вэ гэдгээ гаргана. Өнөөдрийн байдлаар хувийн хэвшилд 23 хог хаягдал боловсруулах жижиг хэмжээний үйлдвэр байна. Энэ аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж байхад гол нь хог хаягдал тээвэрлэсэн, зөөвөрлөсөн зардал дээр тодорхой байдлаар дэмжлэг үзүүлэх,  эцсийн бүтээгдэхүүн болгосон барааг худалдан аваач гэсэн хүсэлт илэрхийлдэг. Үүнийг бид хуульд тодорхой зохицуулалт хэлбэрээр оруулж өгсөн.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)