Д.Оюунхорол: Нийгмийн баялгын тэгш бус хуваарилалттай Монголын төр хариуцлага тооцох цаг нь болсон
- 2017-05-10
- Байгаль орчин
- 0
Нийслэлийн Хан-уул дүүргийн IV болон XI хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд талархлаа илэрхийллээ. Зайсан, Яармагийн уугуул иргэдийн зүгээс үе үеийн Засгийн газар, тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүдэд газраа өмчлөх асуудлыг тавьж ирсэн ч үр дүнд хүрэлгүй 20 гаруй жил болсон байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2015 оны гуравдугаар сард БОАЖ-ын сайдаар томилогдсон даруйдаа тэдний асуудлыг шийдвэрлэсэн билээ. Тордуулбал, 2015 онд БОАЖ-ын сайдын А-235 тоот тушаалаар яам, дүүрэг, хороо, төрийн бус байгууллага, иргэдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, 1996 оноос өмнө тэнд амьдарч байсан иргэдийн судалгааг явуулж, уугуул иргэдтэй удаа дараа уулзалт хийн, асуудлыг шийдэх гарцыг хамтдаа хайн ажиллажээ. Мөн кадастрын зураглал хийх тусгай эрх бүхий мэргэжлийн 4 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан 2 хорооны 6 хэсэг газарт нэгж талбарын кадастрын зураглал хийлгэсний дүнд өнөөдрийн байдлаар 600 гаруй иргэн газраа ашиглах гэрчилгээгээ авсан талаар иргэдийн төлөөлөл хэллээ.
Энэ үеэр Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол “Бидний эхлүүлсэн ажил амжилттай хэрэгжсэн ч цөөн иргэд газраа ашиглах гэрчилгээгээ авч чадаагүй байна. Голын онцгой хамгаалалтын бүс болон нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй буусан, сүүлд шилжин ирсэн, хаягийн гэх мэт зөрчил байгаа учраас үлдсэн иргэдийн асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулж байна. Нэгэнт суурьшлын бүс үүсчихсэн тохиолдолд Богд уулын тусгай хамгаалалттай газарт эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай. Дархан цаазат газрын хилийн бүсийг тодорхой болгох үүднээс Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтран хуулийн төсөл санаачилна. Ингэснээр иргэдийн өмчлөх эрхийн асуудлыг шийдэх юм. Зайсангийн уугуул иргэдэд газар эзэмшүүлсэн ажлын үр дүнг Засгийн газарт хүргүүлнэ. Аливаа ажил олон түмний итгэл дээр үндэслэн үр дүнгээ өгдөг. Сүүлийн жилүүдэд Богд Хан уул, Зайсанг зорих явган аялагчид огцом нэмэгдэж байгаа. Тиймээс Богд Хан уул, Зайсан орчмын 3 га газрыг аялал жуучлалын зориулалтаар тохижуулахаар төлөвлөж байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор ойр хавьд нь газар эзэмшдэг томоохон компаниуд эсэргүүцлээ илэрхийлээд эхэлчихсэн. Мэдээж нэлээд эсэргүүцэлтэй тулах байх. Гэхдээ нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалттай Монголын төр хариуцлага тооцох цаг нь болсон” гэлээ.
Д.Уранчимэг: Аль нэг компани бус иргэдийн талд асуудлыг шийдвэрлэж чадсан
(Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн)
-Төрийн бодлогоор 1958 онд Зайсангийн орчимд байрлаж байсан сүрьеэгийн төв эмнэлгийн ажилчдыг Богд Хан уулын орчимд суурьшуулсан байдаг. Тухайн үед миний аав, ээж Зайсан толгой орчимд анх суурьшсан. Тиймээс уугуул иргэний хувьд төрж өссөн газартаа тайван амгалан амьдрах эрхээ баталгаажуулахаар хүлээж байна. Өмнө нь хүсэлтээ өгсөн 600 гаруй иргэн 2015 онд асуудлаа шийдвэрлүүлж чадсан юм билээ. Манай хорооны иргэдийн зүгээс аль нэг компани бус уугуул иргэдийн талд асуудлыг шийдвэрлэж чадсан Байгаль орчин, аялал жуучлалын яам, тэр дундаа Д.Оюунхорол сайдад талархаж байгаа.
Ш.Нямсүрэн: Сонгууль бүрийн өмнө “газрыг чинь өгнө” гэх амлалт сонсож ирсэн
(Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн)
-1958 оноос хойш Зайсанд амьдарч байна. Зайсангийн уугуул иргэд өөрсдийн газраа баталгаажуулах хүсэлтээ Байгаль орчин, аялал жуучлалын яаманд хандаад 20 гаруй жил болсон. Манай хорооны иргэд УИХ, орон нутгийн сонгууль бүрийн өмнө “газрыг чинь өгнө” гэх амлалт сонсож ирсэн. Д.Оюунхорол сайд 2015 онд ажлаа аваад энэ асуудлыг зоригтой шийдвэрлэсэнд талархаж байгаа. Ялангуяа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны залуу багийнхан эрч хүчтэй ажиллаж буйг сайшаах хэрэгтэй. Миний амьдардаг хэсэг дээр дөрвөн компани, иргэдтэй давхар газар эзэмшиж байсан. Тэгвэл өнөөдөр нэг компанийнхаас бусад газар иргэдийн мэдэлд шийлжээд байна. Хүсэлт гаргасан иргэдийн 80 хувь нь асуудлаа шийдвэрлүүлсэн.
Сэтгэгдэл (0)