БОАЖЯ-ныхан эрдэмтэн, судлаачидтай өргөн хүрээнд хамтарч ажиллана

 

        Байгаль орчин,  аялал жуулчлалын яамыг төлөөлж, сайд Д.Оюунхорол,  Шинжлэх ухааны академийг төлөөлж ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нар  хамтран ажиллах  санамж бичигт гарын үсэг зурлаа. 

 

Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх А.Тунгалаг, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг, Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн захирал Я.Адьяа, Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан,  Академийн ерөнхийлөгчийн туслах  Д.Дөлгөөн болон  яамны бусад газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд  оролцсон юм. 

 

 

Санамж бичгийн хүрээнд  Монгол орны байгаль орчин, байгалийн нөөц баялгийг хамгаалах, нөөцийг тогтоох, зохистой ашиглах, ногоон хөгжлийг дэмжиж, цэвэр технологи, байгаль орчинд халгүй үйл ажиллагааг дэмжих бодлого боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны судалгааны ажлын үр дүн, мэдээ, баримтыг үндэслэл болгох, байгалийн нөөцийн олон жилийн  төлөв байдлын судалгааг нийгэм, эдийн засгийн харилцан хамааралтай  уялдуулан  хийх, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж илтгэл хэлэлцүүлэх  зэрэг  тодорхой арга хэмжээнүүдийг хамтран  хэрэгжүүлэх юм.
Үйл ажиллагааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны байгууллагын хийсэн судалгааны ажлын үр дүн, үйл ажиллагааг яамны бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд тусгаж улам нягт хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг дурьдаад, өмнө нь ч Шинжлэх ухааны академи, түүний харьяа байгууллага,  хүрээлэнгүүдтэй  байнга  хамтран ажиллаж ирсэн гэдгийг онцолсон. 

 

Харин Шинжлэх ухааны академийг төлөөлж ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Байгаль орчны салбарт тулгамдсан асуудлыг шийдэх болон байгалийг танин мэдэх нь шинжлэх ухааны оролцоогүйгээр хөгжихөд бэрх. Эрдэмтдийнхээ нөөц бололцоог ашиглаж, өргөн хүрээнд хамтарч ажиллахаар болсон БОАЖЯ-ныхандаа талархал илэрхийлье. Энэ хүрээнд манай эрдэмтэд БОАЖЯ-ны захиалгаар байгаль орчны сүүлийн 30 жилийн динамикийг харуулсан 5 боть ном гаргахаар ажиллаж байна” хэмээлээ.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)