Тусгай хамгаалалттай газарт дураараа дургисан “Энигма”

 

-“Энигма” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хэмжээний зөрчил шалгалтаар илэрчээ-

 

Хоёр хоногийн өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гадаа бэсрэгхэн жагсаал болов. Дийлэнх нь оюутнууд. Юуны учир, ямар шалтгаанаар жагсаж буйгаа бүрэн ойлгоогүй тэд зөвхөн сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу яамны үүдийг сахих болсон хэмээн тайлбарлах. Оюутнуудын дунд Богдхан уулын тусгай хамгаалалттай бүсэд 41 га газар эзэмших тусгай зөвшөөрөлтэй “Энигма” компанийн төлөөлөл ч мэр сэр харагдана лээ. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас “Энигма” компанийн эзэмшлээс гурван га газрыг чөлөөлж 264 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, дугуйн зогсоол, автобусны буудал барихаар төлөвлөжээ. Гэвч үүнд нь эгдүүцсэн “Энигма” компанийнхан МҮИС-ийн оюутнуудыг турхирч өөрсдийн эрх ашгийг хаацайлах гэсэн нь эцэстээ ил болж байх шиг. 

 

Уг нь “Энигма” компанийнхан Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт 41 га газрыг эзэмших эрхийг анх авахдаа Монголын үндэсний их сургууль, Универсал политехникийн коллеж барих нэрийдлээр МҮИС-д заримыг нь эзэмшүүлжээ. Хачирхалтай нь, эзэмшлийн газраа хоёр гурав хувааж коллеж барих нэрийдлээр газрын төлбөр төлөхөөс зайлсхийж ирснийг холбогдох албаныхан шалгалтаар тогтоогоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, сургууль барих нэрийн дор халхавч хийж, газрын төлбөрөөс зугтаагаад зогсохгүй жуулчны бааз, гэр, ресторан, зугаа цэнгээний газрууд хууль зөрчин ажиллуулж байсныг тогтоожээ. Газрын төлбөрийн тухай хуульд бүх шатны боловсролын байгууллагыг газрын төлбөрөөс чөлөөлнө гэж заасан байдаг байдаг. Харин улсын тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий этгээд нэг жилд га газарт 13.2 сая төгрөгийн төлбөр төлөх ёстой аж. Үүгээр тооцвол “Энигма” компанийнхан тэрбум гаруй төгрөгийг тушаах ёстой гэсэн үг. Гэтэл сургууль барих зураг төсөл батлуулаагүй атлаа гаднын хөрөнгө оруулалтаар барина шав тавьсан болоод өнөөдрийг хүрчээ. 

 

Улсын тусгай хэрэгцээний газар буюу Дархан цаазат газрыг улс өөрөө зохицуулалт хийж, чөлөөлөх бүрэн эрхтэй байдаг. Тусгай зөвшөөрлөө буруугаар ашигласан, хууль зөрчсөн “Энигма” компанийн газар эзэмших эрхийг түдгэлзүүлэх бүрэн эрхтэй гэсэн үг. Тийм атал сургуулиа ч бариагүй байж оюутнуудыг турхиран бамбай хийж, өөрсдийн эрх ашгийг гүйцэлдүүлж суугаа “Энигма”-гийн ард хэн гэгч эрхмийн ашиг сонирхол нуугдаж байна вэ. Салбарын яамны шийдвэрээс үүдэж холбогдох газруудаас тус компанийн эзэмшиж буй 41 га газарт үйл ажиллагаа явуулж байгаа амралтын газарт хийсэн шалгалтаас ч харахад тусгай зөвшөөрлийг нь цуцлах хэд хэдэн үндэслэл байгаа юм.

 

Жишээ нь, “Энигма” компани усны хангамжаа шийдэх зорилгоор таван худаг гаргажээ. Өдгөө хоёр худгаас ус ашиглаж байгаад буюу Монголын үндэсний их сургууль, Универсал политехникийн коллежийн газар ашиглалтын байдалд БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс энэ сарын 12-нд шалгалт хийжээ. Шалгалтаар “Энигма” компани нь Хан-Уул дүүргийн XI хорооны “Ар Зайсан” нэртэй газарт гүний нэг худгийн зөвшөөрлийг 2014 онд авсан нь нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэдээллийн санд бүртгэлтэй байгааг тогтоожээ. Харин үлдсэн дөрвөн худаг нь ямар нэгэн байдлаар зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. 

 

Мөн Туул голын сав газрын захиргаанаас тус байгууллагад 2015 онд хоёр удаа ус ашиглалтын талаар хяналт, шалгалт хийхэд ус ашиглалтын дүгнэлтгүй, зөвшөөрөлгүй ус ашиглаж байгааг тогтоож байжээ. Ингэхдээ тус компанийнхан бохир усны цооног байгуулах цэгийг хүртэл зөвшөөрөлгүй байгуулан үйл ажиллагаа явуулж байсан байна. Усны тухай хуулиар хоногт 0-50 шоо метр ус ашиглагч албан байгууллага, аж ахуйн нэгжид аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ус ашиглах дүгнэлт гарган өгч, эрхийн бичиг олгох ёстой байдаг аж. Гэвч “Энигма” компани 2014-2017 оныг хүртэл ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр ус ашиглажээ. Хачирхалтай нь, энэ хугацаанд усны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй тухай мэдээллийг Туул сав газрын захиргаа, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ирүүлжээ. Эндээс “Энигма” компанийнхан тусгай хамгаалалттай газар нутагт хэрхэн дураараа дургиж байгааг харж болно. Гэхдээ “Энигма” компанийн хууль бус хуудуутай үйлдэл үүгээр хязгаарлагдахгүй.

 

Тусгай зөвшөөрөл бүхий газарт үйл ажиллагаа явуулдаг “Чингис өргөө” амралтын газрын барилга байгууламжид Хан-Уул дүүргийн Онцгой байдлын албанаас холбогдох шалгалтыг энэ сарын 12-нд мөн хийжээ. Шалгалтаар уг амралтын газрын барилга байгууламж холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага, гал түймэр түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог бүрэн хангаагүйг тогтоосон байна. Мөн гал түймрийн аюултай хүчин зүйлд өртөж болзошгүй өрөө, тасалгаанаас хүмүүсийг зохион байгуулалттай бие даан гадагш гаргах нөөц хаалга нь цоожтой, завсарт нь хөөсөөр дүүргэлт хийж онгойлгох боломжгүй болгосныг тогтоожээ. Үүнээс гадна амралтын газрын хэмжээнд гал унтраагуур 10 ширхгийг байрлуулсан ч бүгд цэнэггүй болж ашиглах боломжгүй болсон байна. Зочид буудал, караоке, рестораны заал танхим, өрөө тасалгаанд галын дохиоллын систем утаа, дулаан, дөлний мэдээлэгч суурилуулаагүй байгаа нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байна. Эдгээр зөрчлөөс үүдэж тус амралтын газар болзошгүй гамшиг осол, гал түймэр, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь нас, эд материалыг аврах, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явуулах, аврах болон гал унтраах шуурхай албаны автомашин байрлуулах, орж гарах хөдөлгөөн хийхэд саад учирч цаг хугацаа алдах, их хэмжээний учрах эрсдэл үүссэнийг галын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Харин нийслэлийн Аялал жуулчлалын газраас Богдхан уулын Зайсангийн аманд байрлах “Талын монгол групп” компанийн амралтын газар Аялал жуулчлалын тухай хуулийн 10.1.1-д “тухайн үйлчилгээний стандарт, зэрэглэлд тавигдах шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах”, нийслэлийн ИТХ-ын 2011 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын нутагт дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрх журам”-ыг тус тус зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг зохих хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авах тухай албан бичгийг салбарын сайдад нь хандан явуулжээ. Гэвч өнөөдрийг хүртэл “Энигма” компанийнхан оюутнуудаар бамбай хийж, дүлий дүмбэ оргин сууна.

 

Гэхдээ улсын тусгай хамгаалалттай газар гэдэг хэн дуртай нь дураараа дургидаг газар биш. Тэр дундаа нийслэлийн хоймор болсон Богдхан уулын бэлд 41 га газар хашаалчихаад төрийн шийдвэрийг эсэргүүцэж суух эрх хэнд ч байхгүй. Харин ч тусгай зөвшөөрлийн эрхээ зориулалтын бусаар ашиглаж, хууль зөрчсөн үйлдэл гаргасныг нь тогтоосон бол түдгэлзүүлээд буцаан авах эрх нь төрд бий гэдгийг санах хэрэгтэй.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.229.121.179)

    2017-05-26

    уулын амыг арай дэндүүлжээ тийм жуулчны бааз амарлтын газар монголоос өөр хаана ч байхгүй жинхэнэ гутамшиг Энигма болий