Соёмботой уулын газрыг чөлөөлчихлөө, одоо Зайсан толгойн газрыг чөлөөлөх цаг нь болсон

 

        БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Соёмботой уулын эргэн тойрны газрыг чөлөөлж чадав. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Аялж уул” компани зочид буудал барихаар Соёмботой уулын газрыг нь ухаж байгаа талаарх мэдээлэл гарсан даруйд салбарын сайд тушаал гаргаж, газар эзэмших зөвшөөрөлтэй таван компанийн эрхийг цуцлах шийдвэр гаргав. Тодруулбал, 2016 оны дөрөвдүгээр сарын 14-нд иргэн Б.Төгсжаргалд олгосон “Аялж уул” компанийн 0.5 га, “Бам солоон” ХХК-д олгосон 0.7 га, иргэн С.Нэргүйд олгосон 557 м2, иргэн С.Энхтулгад олгосон 519 м2 газрын ашиглах эрхийг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон юм.

 

БОАЖ-ын сайдаар Н.Батцэрэг ажиллаж байх хугацаандаа Богд хан ууланд олон иргэн, аж ахуйн нэгжид газар олгох шийдвэр гарсан байдаг. Н.Батцэрэг сайд “Богд хан ууланд газар зарсан байж болзошгүй. Газар өндөр үнээр бусдад худалдаалах ажлыг нь түүний хүү зохион байгуулж байсан” гэх мэдээлэл байдаг. Үүний жишээ нь Соёмботой ууланд газар олгосон асуудал юм. Газар эзэмших зөвшөөрөл нь цуцлагдсан компани, иргэд “Хууль журмын дагуу газар эзэмших ашиглах гэрчилгээ авсан. Гэвч гэнэт ийм шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна” хэмээн БОАЖЯ, Богд хан уулын захиргаанд илэрхийлсэн байна лээ. Д.Оюунхорол сайд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хоёрт заасан хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн нэг дэхь хэсэг, 38 дугаар зүйлийн гурав, 39 дүгээр зүйлийн хоёр, 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.7, 38.1.2, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 366 дугаар тоот саналыг үндэслэн дээрх таван иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байсан.

 

Соёмботой ууланд газар эзэмшиж байгааг хүчингүй болгох шийдвэр гаргасан гол шалтгаан нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.7, 38.1.2 зүйл заалтыг үндэслэн гаргасан байдаг.

 

 

Өөрөөр хэлбэл, Соёмботой уулыг Богд хааны ундны усыг ариусгах зорилгоор Өндөр гэгээн Занабазарын төрсөн дүү Засаг бэйл Шижирбаатарын удмын хүн Жүн ван Юндэндоржийн санаачилгаар 1837 оны үед Умаа хум гэсэн үгийг Түвдээр цагаан чулуугаар шигтгэн бичсэн байсан түүхтэй гэнэ. Үүнээс хойш уг толгойг Умаа хум толгой гэж нэрлэх болсон байна.

 

Умаа хум үсгийн туяа Туулын уснаа тусч харагдахад хүмүүс хир буртаг муу муухай зүйлээ угаахгүй усаа цэвэр байлгахыг эрхэмлэдэг байсан түүхэн яриа байдаг. 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Умаа хум үсгийн оронд Соёмбо тэмдэг шигтгэснээр уг толгойг Соёмбо толгой гэж нэрлэх болсон байдаг. Түүх соёлын өвийн дурсгалт газар хэмээн үзэж дээрх шийдвэрийг гаргасан байна лээ. Олон нийт “Д.Оюунхорол сайд зангаргатай шийдвэр гаргаж чадлаа. Өмнө нь Богд хан ууланд олгосон газрыг ямар ч сайд цуцлах шийдвэр гаргаж байгаагүй” хэмээн ярьцгааж байна. Одоо харин Зайсан толгойн асуудлыг эхнээс нь цэгцлэх хэрэгтэй байгаа юм. Зайсан толгой Соёмботой уултай адил түүх, соёлын өвийн дурсгалт газар яах аргагүй мөн.

 

Алс хязгаар нутгаас хүрээнд ирсэн иргэд Богд хааны ордны морин зүгт орших энэ толгойн аманд буудаг байсан гэх яриа байдаг. Мөргөлчид өвөр Зайсанд бууж, дээдэс нь мөргөл тахилга хийж өнгөрдөг байсан учир тэр үеэс "Зайсан толгой" хэмээн нэрлэх болсон байна. Мөн Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор бий. Эрэлхэгээр байлдаж амиа алдсан Зөвлөлтийн цэргүүдийн дурсгал болгож барьсан уг цогцолборыг 1969 онд архитекторч А.Хишигтээр ахлуулсан уран барилгачид барьж эхэлсэн бөгөөд 1971 он буюу Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор нээлтээ хийсэн түүхтэй. Цогцолборын доод ханан дээр “Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв, газарт галтай цуг дархлав” гэсэн үгийг сийлсэн байдаг. Цэрэг эрийн хөшөө бүхий дугуй ханаар хүрээлэгдсэн төв дунд гурван метрийн голчтой мөнхийн гал буюу тулга буй. Амь үрэгдсэн дайчдын гэгээн дурсгалыг үүрд дурсан санахыг бэлгэджээ.

 

Л.Гансүх БОАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа Зайсан толгойн газраас иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших зөвшөөрөл олгож эхэлсэн байдаг. Түүний хууль бусаар олон арван га газар олгосон асуудлыг албаныхан одоог хүртэл авлига хээл хахуультай холбон ярьдаг. Иргэд, аж ахуйн нэгжүүд анх аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн газар эзэмших гэрчилгээ авсан байдаг. Гэвч төд удалгүй өндөр барилгууд барьж, суурьшил бий болгож, тэднийг Монголын хууль хяналтын аль ч байгууллага зогсоож, зөвшөөрлийг нь цуцалж дийлээгүй өдийг хүрсэн.

 

Ингэж л Монголд хууль гууль болж эрх мэдэлтэй хүмүүс эрх дураараа аашилж болдгийг Зайсангийн аманд боссон барилгууд тод харуулдаг. Гэхдээ хууль бус газрын наймааг цааш үргэлжлүүлэлгүй цэгцэлж, газар эзэмших тусгай зөвшөөрлийг цуцлах цаг нь болсон. Соёмботой уулын газрыг иргэн, аж ахуй нэгжүүдээс чөлөөлж болж байгаа юм чинь Зайсан толгойн газрыг ч ялгаагүй чөлөөлж болно.

 

Өдрийн сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)