Ганданд аялал жуулчлалын жишиг бүс байгуулна

 

        Нийслэлийн Засаг дарга С.Батболд дүүргүүдэд ажиллах хуваарийн дагуу өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Баянгол дүүрэгт хэрэгжиж буй "Гандан Хүрээ гудамж" төслийг танилцуулах арга хэмжээнд оролцсон юм. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон бусад албаны хүмүүс, иргэд оролцлоо.

 

Гандантэгчэнлэн хийдийн хувьд Улаанбаатар хотын төв хэсэг байрладаг бөгөөд ард иргэдийн шашин соёл оюун ухааны төв болсон бүс юм. ИймээсГандантэгчэнлэн хийд орчмын бүсэд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний цогц жишиг бүхий гудамжийг бүтээн байгуулах юм. Тус төсөл хэрэгжсэнээр бүс нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар аялал жуулчлалын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна хэмээн албаны хүмүүс хэлж байлаа.

 

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ "Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар жилдээ 400 мянга гаруй жуулчид ирдэг гэсэн судалгаа гарсан. Эдгээр жуулчдын маань хамгийн их очих дуртай газрын нэг нь Гандантэгчэнлэн хийд юм. Бид энэхүү судалгаанд үндэслээд аялал жуулчлалын гудамжийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус аялал жуулчлалын бүс нь газар зүйн хувьд Бөмбөгөр худалдааны төвөөс Модны хоёр хүртэл үргэлжлэх бөгөөд 2018-2019 онд бүрэн ашиглалтад орно. Ийнхүү аялал жуулчлалын бүстэй болсноор иргэдэд тодорхой хэмжээний орлого олох боломж бүрдэнэ.

 

Газар чөлөөлөхтэй холбоотойгоор асуудлууд гарах ч жишиг гудамж нь өөрөө иргэдэд итгэл болох юм. Гандангийн газар чөлөөлсөн иргэдэд Нийслэлийн зүгээс түр оршин суух байрыг гаргаж өгөөд явж байна. 68 айл тус төсөлд хамрагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд 25 айл түр оршин суух байрандаа нүүж орсон.

 

Төсөл хэрэгжиж дууссаны дараа иргэд маань тухайн газарт нь баригдсан байранд орногэсэн үг юм.

 

"Гандан Хүрээ гудамж" төсөл нь уламжлалт түүхэн дүр төрх, ав уламжлалыг хадгалсан 1,9 га талбай бүхий 4 давхар 1500-1700 м.кв үйлчилгээ орон сууцны барилга дурсгал шашны эртны эдлэлийн дэлгүүр, лааны тосон музей, хүрээ соёлыг харуулсан уламжлалт монгол хоолны газар зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар хорооллыг хуучны уламжлалт хэв маягийг шинэ орчин үеийн хэв шинжтэй хослуулан хэрэгжүүлэхээр болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)