Д.Оюунхорол: Баянзүрхчүүд та бүхний минь сонголт мэргэн байж, төр засгийн ажил саадгүй үргэлжлэх болтугай

Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтад Баянзүрх дүүргийн 3000 гаруй иргэн хүрэлцэн ирж, нэр дэвшигч М.Энхболдыг дэмжихээ илэрхийлсэн юм.

 

Уулзалтыг нээж Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан үг хэлсний дараа тус дүүргийн 49 дүгээр хорооноос УИХ-д сонгогдсон гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нэр дэвшигч М.Энхболдыг дэмжихийг сонгогдодоо хандаж уриаллаа. 

 

 

 

Тэрбээр “Монголчууд бид төрийн тэргүүнээ сонгох нэн хариуцлагатай шийдвэрийн өмнө тулж ирээд байна. Та бүхнийгээ төрд түшигтэй, түмэн олондоо ээлтэй, эв эеийг зангидах, төлөв төвшин төрийн ноён нуруутай эрхмийг улсынхаа тэргүүнээр сонгохыг хүсч байгаа гэдэгт итгэлтэй байна. Хувь хүний зан араншин, төлөвшил хүмүүжлийнхээ хувьд энэ шаардлагад бүрэн нийцэхийн дээр улс төрийн мэдлэг, боловсрол, туршлага, дадлага тэгширсэн хүн бол Монгол ардын намын дарга М.Энхболд юм.

 

УИХ-д 65 суудалтай, Засгийн газрыг дангаараа бүрдүүлж буй МАН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хэрэгжих нөхцөл, бололцоотой. Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй нягт уялдсан, олон талаас нь дэмжсэн гэдгийг уншсан хүн бүр сайшааж байна. Тиймээс М.Энхболд даргыг Ерөнхийлөгчөөр сонговол Засгийн газрын одоо явуулж байгаа эдийн засгаа эрүүлжүүлэх, улс орноо тогтворжуулах, ард иргэдээ амгалан тайван байлгах бодлого саадгүй хэрэгжих баталгаа болно гэдгийг дуулгахад таатай байна. Баянзүрхчүүд та бүхний минь сонголт мэргэн байж, төр засгийн ажил саадгүй үргэлжлэх болтугай” хэмээсэн юм.

 

 

 

Монгол бөхийн өргөөнд Баянзүрхчүүдийн төлөөлөл болон цугласан 3000 гаруй иргэн Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй М.Энхболдыг дэмжинэ гэдгээ илэрхийлэн, уулзалт амжилттай боллоо.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)