Ц.Цэнгэл: “Цайны зам” санаачилгад идэвхтэй оролцсоноор манай улсын дэд бүтэц, аялал жуулчлалын салбар хөгжинө
- 2017-06-22
- Байгаль орчин
- 0
Аялал жуулчлалыг бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэх “Цайны зам” төслийн хоёр дахь шатны уулзалт Улаан-Үүд хотноо энэ өдрүүдэд болж байна. Уг арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл оролцож байгаа билээ. Түүнийг уулзалтад явахаас нь өмнө ярилцсан юм.
- “Цайны зам” төсөлд манай улс ямар оролцоотой байх вэ. Өнөө жилийн уулзалтаар ямар асуудлуудыг хэлэлцэх юм бол?
-Аялал жуулчлалын сэдвээр Монгол, Орос, Хятад гурван улсын хүрээнд томоохон арга хэмжээ зохиогдсон нь “Цайны зам” төсөл юм. Уг төслийн анхны уулзалт өнгөрсөн 2016 оны есдүгээр сард Хөх хотод сайд нарын түвшинд болсон. Энэ удаагийнх нь Улаан-Үүд хотод болно. Энэ үеэр “Цайны зам”-ыг бүс нутгийн хэмжээнд яаж хөгжүүлэхэд ямар албан ёсны баримт бичиг байгуулах тухай талууд санамж бичигт гарын үсэг зурна. “Цайны зам”-ын асуудал түүхэн ач холбогдолтой. “Цайны зам”-ыг европт хүргэсэн алдарт тэмээн жингийн замын үргэлжлэлийг орчин үеийн галт тэрэг, онгоц, авто тээврийн хэрэгслүүдээр яаж аялал жуулчлалын бүс бий болгох талаар энэ удаагийн уулзалтаар ярилцах юм. Мөн хаана, хаана, ямар, ямар хот тосгодод аялал жуулчлалын цогцолборуудыг бий болгох асуудлууд анхан шатнаасаа яригдаад хэрэгжээд явна. Тэгэхээр манай улсын хувьд тус арга хэмжээнд идэвхтэй оролцоно.
-Энэ төсөл “Нэг бүс-нэг зам”-тай яаж уялдах боломжтой вэ?
-БНХАУ-ын санаачилсан “Нэг бүс-нэг зам” бол дэлхийн улс орнуудыг дэд бүтцээр холбох том төсөл. Ази Европыг холбох ихээхэн ач холбогдолтой. Энэхүү “Цайны зам”-ын хоёр дахь уулзалт нь “Нэг зам-Нэг бүс” төсөлд манай гурван улс яаж холбогдох уу. Ямар хот, тосгод хэрхэн оролцох юм. Газ, автозам, төмөр зам, агаарын тээврийн харилцаанд хөрш гурван улс хэрхэн оролцох талаарх томоохон баримт бичгүүдийн эхлэл болж байгаагаараа онцлогтой. Тиймээс дэлхий дахины сонирхдог уул ус, ан амьтны, үзэсгэлэнт байгалийн, өв уламжлалын, соёлын зэрэг аяллын маршрут маань гурван улсын “Цайны зам” уулзалтын хүрээнд хөндөгдөнө. Тус арга хэмжээний гурав дахь уулзалтыг 2018 онд манай улсад зохион байгуулах юм
“Цайны зам” санаачилгад идэвхтэй оролцсоноор манай улсын дэд бүтэц, аялал жуулчлалын салбар хөгжинө
-Энэ хүрээнд жуулчдын урсгалыг яаж нэмэгдүүлэх вэ. Энэ талаар ямар тооцоолол гаргасан бэ?
-Хүрээгээ тэлсэн, сурталчилгаа мэдээллээ бүрэн дүүрэн өгсний үр ачаар манай улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна. Жил тутамд долоо, найман хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр манай онгон зэлүүд байгаль, мал аж ахуй, нүүдэлчин соёл иргэншлийн тухай мэдээлэл европын болоод хөгжсөн орнуудад тархсан. Тэдний үзэж харах сонирхолыг ихээр татдаг.
Мөн ирэх есдүгээр сард олон улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт БНХАУ-д болно. Тус арга хэмжээнд улс бүр өөрсдийгөө сурталчлах өдөртэй байх юм билээ. Энэ ч утгаараа Монгол Улсаас томоохон баг явж, улсаа сурталчлах юм.
-Төмөр зам болон нислэгийн рейсийг нэмэгдүүлээд, тасалбарын үнийг буулгавал жуулчид ирэх юм биш үү?
-Жуулчдыг татахад төмөр зам болоод агаарын тээврийн асуудалд онцгой анхаарах ёстой. Олон километр газар VIP зэрэглэлээр явж байгаа хэрнээ суудал нь ор болдоггүй, босоогоор зорчих, онгоц нь жижиг гэх мэт асуудлууд бий. Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхгүйгээр гадаадын жуулчид олноор ирэхгүй юм билээ. Тиймээс тохитой тухтай хурдны галт тэрэгтэй болох, зундаа томоохон онгоц нойтон түрээсээр авах, найдвартай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг бий болгох шаардлагатай. Дээр нь үйлчилгээний өндөр соёлтой байх ёстой. Үйлчилгээний хөтчийн боловсрол, ресторан, зоогийн газрын үйлчилгээгээ сайжруулж, хүмүүсийг эргэн татахуйц өндөр соёлд суралцах хэрэгтэй. Энэ хүрээнд томоохон сургалтуудыг хийх нь чухал гэж салбарын яам үзэж байгаа.
Галт тэрэг, онгоцны рейсийг нэмэгдүүлж, тасалбарын үнийг хямдруулах тал дээр манай зүгээс саналаа Зам тээврийн яаманд тавьж байгаа. Тус яамнаас боломжит тооцоо судалгаагаа хийж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна.
-Манай улсад аялал жуулчлалын бодлого үгүйлэгдэж байгааг аяллын компаниуд хэлдэг. Жишээлбэл, гадны жуулчид, дотоодын аялагчдад хоёр өөр үнээр үйлчилдэг. Үүнийг бодлогоор зохицуулж болдоггүй юм уу. Ер нь аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдэд ямар шалгуур тавьдаг юм бэ?
-Уг нь гадаад, дотоодын аялагчдад хоёр өөр үнээр үйлчилдэг байдлыг 20-иод жилийн өмнө болиулсан. Гэхдээ л энд тэнд хяналтгүй байдлаас болоод үнийн зөрүүтэй асуудлууд гараад байгаа. Үүнийг нэн даруй цэгцлэх нь зүйтэй. Аялал жуучлалын төв, холбоотой болохоор ажиллаж байна. Эдгээр байгууллага зочид буудалд стандартуудаа тавиад мэргэжлийн хяналтын байцаагч нар зүй ёсныхоо шаардлагыг тавиад ажиллабал хаана, хаанаа хариуцлагажина гэж итгэж байгаа.
-Танай яам саяхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?
-Бичил уул уурхай эрхлэгчид буюу нинжа нарт манай зүгээс хаалт хориг тавьж чаддаггүй ч энэ хүмүүс байгалийг нэлээд ихээр сүйтгэж байна. Гэтэл манай яам энэ хүмүүст ямар нэгэн байдлаар хяналт тавьж чадахгүй байна. Тиймээс МХЕГ-ын зарим эрх үүргийг манай байцаагч, газрын дарга, хэлтсийн дарга нарт олгож хамтарч ажиллахаар болсон. Энэ хүрээнд уул уурхай, амьтан, ургамлын бусад аялал жуулчлалын хяналтыг бид тавих юм. Гэрээгээр мэргэжлийн хяналтын байцаагчийн эрхтэй хязгаарлах эрхтэй ажиллана гэсэн үг.
-Бурхан халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Үүний дараахан та “их цэвэрлэгээ” хийгээд ирсэн байх аа. Энэ талаар дэлгэхүүлэхгүй юу?
-Урьд нь гурван удаа Бурхан халдун уулыг дэлхийн өвд бүртгэхээс татгалзсан. Шалтгаан нь хил хязгаар нь тодорхой биш, намагтай, шуудуутай, гол горхийг нь нарийвчлан гаргаагүй гэдэг асуудал байсан. Гэхдээ бид бүртгүүлж чадсан нь бахархал юм. Юнескогийн хуралд дэлхийн 184 улс орон оролцож, 21 орон үг хэлэх эрхтэй байдаг. Тэдгээр улсуудтай нэлээд сайн ажилласны үр дүнд Чингис хааны өлгий нутаг, тахиж шүтэж байсан гэдэг утгаар 18 улс нь дэмжиж, дэлхийн өвд бүртгэсэн. Энэ хүрээнд манай тусгай хамгаалалтын захиргааныхан анх байсан шинжээр нь онгон дагшин байлгах үүрэг хүлээсэн юм. Бурхан халдун уулын онгон дагшин байдлыг нь хадгалан үлдэхийн тулд хүний мөр гаргаж болохгүй пайз хадсан. Тэгэхээр онгон дээр гарч болохгүй. Дээр нь байсан овоонуудыг уулын бэлд шилжүүлсэн. Ингэснээр уулын орой дээр биш бэлд нь тахилга хийдэг, шүтдэг эхлэлийг тавина гэж найдаж байна.
-Богд ууланд аялагчдад зориулсан авто зогсоол барих асуудал юу болсон бэ. Мөн соёмбот уулыг нөхөн сэргээх ажил ямар шатанд байна вэ?
-Улаанбаатар хотынхоо ард иргэдийг чөлөөтэй Богд ууландаа гарахдаа машин тэргээ байрлуулах зогсоол, ариун цэврийн газрын асуудлыг шийдэхээр зам, талбайг нь засъя гэж байгаа. Манайх газрыг нь гаргаад өгсөн. Улаанбаатар хот мэргэжлийн үүднээс барилга байгууламжийг нь барих ёстой. Уг нь ерөнхий сайдын захирамжаар наадмын өмнө аюто зогсоолыг барих ёстой л доо. Одоогоор баригдсан юм алга. Нэг нь үүрэг далгавар өгдөг. Нөгөөх нь ингэж хойрго хандаж болохгүй. Соёмбот уулыг хөндсөн хүмүүсийн газар ашиглах эрхийг цуцалж, нөхөн сэргээх үүрэг өгсөн. Нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгөх хүсэлт тавьсан ч манай зүгээс дутуу байна гэж үзэж, хүлээж аваагүй. Үүнд мэргэжлийн хяналт, хууль хүчнийхэн оролцох ёстой.
Ярилцсан М.МӨНХЦЭЦЭГ
Сэтгэгдэл (0)