Д.Оюунхорол: Хориотой үед ч иргэд байгаль хамгаалагчийн шаардлагыг тоолгүй аялж, гал алдаж байна

 

        БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

 

-Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд түймэр гарснаас болоод Улаанбаатар утаанбаатар болж байна. Үүнтэй холбоотойгоор иргэд сайн дураараа түймэр унтраах үйлсэд гар бие оролцохоос гадна хандив цуглуулж эхлээд байна. Танай яамны зүгээс ямар ажлыг хийж байна вэ?

 

-Өчигдөр Ерөнхий сайд Онцгой байдлын комиссыг хуралдаалж, хэд хэдэн шийдвэр гаргасан. Энэ хүрээнд ногоон бүсэд аялал, зугаалга хийхийг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих байгаль хамгаалагч нарын тоог нэмэн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хэт халалтаас болж хуурайшсан газар нутагт гарч буй түймрийн 70-80 хувь нь хүний буруутай үйл ажиллаганаасаа болж гарч байгаа гэсэн харамсалтай мэдээллийг байгаль хамгаалагчид болон түймрийн голомт дээр ажиллаж байгаа Онцгой байдлынхан бидэнд ирүүлсээр байна. Тиймээс манай яамны зүгээс ой, хээрийн бүсэд аялал, зугаалга хийж байгаа иргэдэд анхааруулах, сануулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхитэй хийж байгаа. Тухайлбал, сануулах самбаруудыг аялал, зугаалга их хийдэг газруудад байршуулахаас эхлээд ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт байгальтайгаа хэрхэн хандах талаарх хичээлийн хөтөлбөрүүдийг оруулахаар БСШУСЯ-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Мөн олон нийтийн сүлжээг ашиглах гал түймрийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар болон гарсан тохиолдолд хэрхэн арга хэмжээ авч ажиллах талаарх мэдээллүүдийг хүргэж байна. Энэ дашрамд хэвлэл мэдээллийн байгууллагууддаа нийгмийн хариуцлагаа ухамсарлаад нийтийн сайн сайхны төлөө байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх сурталчилгааг түлхүү гаргаж өгөөч гэж хүсэх байна. Нөгөөтэйгүүр, иргэддээ хандан ногоон бүсэд аялал, зугаалга хийхийг хориглосон үед бүү зугаалаач гэж уриалж байна. Өнгөрсөн сард Богдхан ууланд гарсан түймрийг унтраах үеэр мөн хориг гаргасан. Харамсалтай нь ууланд авирч буй иргэд байгаль хамгаалагчийн тавьсан шаардлагыг тоолгүй байсаар гал алдсан харамсалтай тохиолдол гарсныг дахин дахин сануулмаар байна.

 

-Танай яамны харьяа агентлаг болох УЦУОШГ-ынхныг үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулах ажлаа хийж чадахгүй байна. Үүний шалтгаан нь үүл бууддаг мэргэжлийн хүмүүсээ ажлаас халсанд байгаа гэх мэдээлэл гарлаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

 

-УЦУОШГ-ынхныг би хувьдаа сайн ажиллаж байгаа гэж хэлмээр байна. Тус газрынхан аймгуудын УЦУОШГ-тай хамтран өнгөрсөн хугацаанд үүлэнд нөлөөлөх аргаар багагүй бороо оруулсныг олон хүн мэдэж байгаа байх. Богдхан уул болон Асралт хайрхан ууланд гарч байсан түймрийг үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулсны үр дүнд унтраасан шүү дээ. Одоогоор үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулах 3 баг Сэлэнгэ аймагт, 2 баг Төв аймагт гаран ажиллаж байна. Гэхдээ бороо оруулахад нөлөөлөх хэмжээний үүл гарахгүй байгаа учир хүмүүсийн ажил хийх нөхцөл боломж нь бүрдэхгүй байна гэдэг мэдээлэл ирүүлсэн. Түүнээс биш бидний хувьд үүлэнд нөлөөлж бороо оруулдаг мэргэжлийнхнийг халж, солиод байсан асуудал байхгүй.

 

Ер нь сүүлийн жилүүдэд хэт халалтаас болж хуурайшсан газар нутагт түймэр гарч, ан амьтан харангадаж байгаа үйл явц ихээр ажиглагдах болсон. Энэ бүхний буруутан нь хүн өөрөө гэдгээ сайн мэдэх хэрэгтэй. Адаглаад л аялж, зугаалж байхдаа галаа бүрэн гүйцэт унтраагаад хогоо түүгээд аваад явдаг байх хэрэгтэй байна. Байгальд амарчихаад архины жилээ хаяж, шил нь хэт халснаас болж өвс шатаж байгааг иргэд маань ухаарах цаг болсон. Сайн дураараа түймэр унтраахаар нэгдэж байгаа залуусаараа үнэхээр бахархаж байна. Зарим нь гал тавьж, хог хаяж, байгаль орчноо бохирдуулах ёстой юм шиг. Нэг хэсэг нь тарьсан хогийг нь цэвэрлэж, тавьсан галыг нь унтрааж байх ёстой юм шиг сэтгэхүйгээсээ монголчууд бид салах ёстой. Нийтээрээ байгалиа гэсэн зүрх сэтгэлтэй байж үр хүүхдэдээ эх орноо онгон, дагшин байдлаар нь өвлүүлж өгөх үүрэгтэй хүмүүс гэдгээ ухамсарлах хэрэгтэй болов уу.

 

Үүний төлөө БОАЖЯ-ынхан бодлого, шийдвэр гарган ажиллаж байгаа. Иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг бодит үр дүнтэй болгохын тулд боловсруулж байгаа хуулиуддаа экологийн боловсрол олгох, иргэдэд мэдээлэл өгөх заалтуудыг түлхүү тусгаж байна. Байгаль сүйдэлж байгаа уул уурхайн компаниудтай хариуцлага ярих хэмжээнд асуудлыг авч хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд оруулж хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авхуулж чадлаа. МХЕГ-тай хамтарч ажилласны үр дүнд байгаль хамгаалагчид болон байгаль орчны байцаагчид эрх цуцлах хүрээнд ажлаа өргөтгөсөн байгаа. Энэ бүх бодлого, шийдвэрүүд олон олон эсэргүүцэлтэй тулгарсан ч хойч ирээдүй, эх болсон байгалийнхаа төлөө тууштай ажиллаж байгаа ажиллах болно гэдгээ хэлье. 

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.21.113.110)

    2017-07-18

    энэ ийм л авгай хүний хийсэн юмыг хараар будахдаа маш сайн өөрийгөө сайн өөдөн татан

  • зочин (202.179.25.109)

    2017-07-17

    өрөөндөө суучихаад олон юм яриад суулгүй газар дээр нь очиж ажиллах хэрэгтэй ш дээ,