Д.Оюунхорол: Түймрийн голомт дээр ажиллахдаа авсан мэдээллээ Засгийн газрын хуралдаанд танилцуулж, асуудлыг шийдвэрлүүлнэ

         БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсгийнхэн Улаанбаатартай ойр байгаа түймрийн голомт болох Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр, Хөх чулуутын аманд 2 өдөр ажиллалаа. Энэ хугацаанд Цаг уур, орчны шинжилгээний газрынхан үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж, Төв аймаг, Сэлэнгэ орчимд гарч байсан гал түймрүүдийг цурманд оруулах ажлыг гүйцэтгэсэн юм. Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшиний хэлж байгаагаар “үүлний эхо” буюу  радар нь Улаанбаатарыг тойрсон 46 километр радиуст байгаа үүлийг шинжилдэг аж. Ийнхүү үүлийг “эход харсны” дараа нөлөөлөх боломжтой үгүйг нь тогтоож, буудах эсэхээ шийддэг гэнэ. 
 

 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол үүлэнд нөлөөлөх пуужин авах санхүүжилтийн асуудлыг төсөв батлах үеэр УИХ-д оруулсан ч дэмжлэг аваагүй учир Засгийн газрын хуралдаанд танилцуулж, 1000 ширхэг пуужингийн санхүүжилтийг шийдүүлээд байгаа билээ. Тиймээс үүлэнд нөлөөлөх пуужингийн хүрэлцээнд санаа зовох асуудалгүйг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин хэлж байсан юм. 

 

Д.Ганболд: Үүлэнд нөлөөлөх аргаар оруулсан бороо түймрийн голомтонд ажиллаж буй хүмүүст маш их дэм болж байна 

 

        Энэ үеэр Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганболд “Цаг уур, орчны шинжилгээний газрын хамт олондоо баярлалаа. Та бүхний ачаар үүлэнд нөлөөлөх аргаар оруулсан бороо түймрийн голомтонд ажиллаж байгаа хүмүүст маш их дэм болж, түймрийг цурманд оруулж байна. Мөн БОАЖЯ-ны ажилтнуудынхаа цалингаас 5 сая төгрөг хандивласан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролдоо талархаж байна. Энэхүү мөнгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулах болно. Сум дундын ойн ангид нийт 27 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулсан нь техник төхөөрөмж муутай байгаа гал унтраахаар ажиллаж байгаа хүмүүст бодит тусламж болж очиж байгааг дуулгахад таатай байна. Дэм дэмэндээ түймэр унтраах ажил амжилттай болж байгаад баяртай байна” хэмээж байлаа. 
 

 

Гал түймэрийн томоохон голомт болох Хөх чулуутын аманд Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын, Төв аймгийн Онцгой байдлын газрын, сум дундын ойн ангийн ажилтнуудаас гадна сайн дурын залуус, 120, 326 дугаар цэргийн ангийнхан болон нутгийн иргэд ажиллаж байна. 

 

Б.Хашмаргад: Цурманд оруулсан түймрийг гал болгон алдаж байна

 

        Энэ үеэр Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргад “Хэт хуурайшилттай байгаагаас болж аянга буусан дариуд ууланд түймэр гарч, оройноосоо шатаж эхэлж байна. Оройноосоо гал эхэлж байгаа учир хүн хүч хүрэх гэж их цаг алдаж байна. Нөгөөтэйгүүр, цурманд оруулсан түймэр дахин сэргэж байгаа нь харамсалтай байна. Өнгөрсөн сард БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын шийдвэрээр манай газарт болон Богдхан уулын улсын тусгай хамгаалалттай газар тус бүрт 10 сая төгрөгийг гал түймрээс урьдчилан сэргийлэхэд зориулж гаргаж өгсөнд баярлаж байгаа. Тиймээс цурманд оруулсан гал түймрийг дахин сэргээхгүй байх арга хэмжээг нутгийн удирдлагууд сайн авч ажиллах хэрэгтэй байна” гэж сануулсан юм. 
 

 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гал түймэр дээр ажиллаж байгаа ОБЕГ-ын албан хаагчидтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлуудыг нь тодруулж, Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулна гэдгээ дуулгасан. Албан хаагчдын хэлж байгаагаар тэдэнд туулах чадвар бүхий тоноглогдсон машин, уулын бэлээс орой хүрчих хэмжээний усан шахуурга, 5-10 километрийн радиуст барьдаг радио станц хэрэгтэй байгааг хэлж байсан. 

 

Түймрийн голомт руу очих модон гүүрнүүдийг засахаар боллоо

 

        Түймрийн голомт дээр сайн дураараа ажиллахаар ирсэн залуус ирэх замд байгаа модон гүүрнүүдийг засахгүй бол машин гарахгүй байгаа тухай мэдээллийг БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд өгсний үндсэн дээр дагалдаж явсан Төв аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар аймгийн Авто зам засвар арчлалтын мөнгөнөөс санхүүжилтийг нь шийдэн асуудлыг шийдэхээр болов. Сайн дураараа 200 гаруй залуу түймрийн голомтонд ирснээс Хөх чулуутын амны түймэрт 2 дугаар салааныхан ирсэн аж. Тэд Онцгой байдлын албан хаагчдад ус зөөж өгөн маш их тус болж байгааг Төв аймгийн ОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Ахлах дэслэгч Б.Баттулга хэлж байлаа. 2 дугаар салааныхан гэж өөрсдийгөө нэрлэсэн 15 залуу энд 3 дахь хоногтоо ажиллаж байгаа бөгөөд тэд анх хуваарилагдахдаа л энэ нэрийг зохион байгуулагчдаас авсан гэж байлаа. Сайн дураараа түймрийн  голомт дээр ажиллаж байгаа иргэд болон ОБЕГ-ын албан хаагчдын хоол хүнсийг дөхүүлж, гал тогоог нь барихаар ирсэн залуус ч ирсэн байлаа. Тэдний дунд олны танил загвар өмсөгчид, жүжигчид, дуучид байсан нь олон залууст үлгэр дуурайлал болсон байх гэж найдаж байгааг энэ үеэр ажлын хэсгийнхэн хэлж байлаа. 
 

 

 

Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол сайн дурын залуусыг идэвхтэн байгаль хамгаалагч тэмдгээр урамшуулж, цаашид байгаль хамгаалах тал дээр хамтарч ажиллахаа илэрхийлэхэд залуус урамшин хүлээж авсан бөгөөд цаашид хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Цаг уур, орчны шинжилгээний газрынхан үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулж түймэр унтраахад хувь нэмрээ оруулж байгааг энд ажиллаж байсан иргэдэд дуулгаад өөрсдийнх нь хувь нэмэр маш их байгаад баярлаж, бахархаж байгаагаа илэрхийлж байв. 
 


  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)