Их хэмжээний тарваганы мах тээвэрлэж явсныг илрүүлжээ
- 2017-08-18
- Байгаль орчин
- 0
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор их хэмжээний тарваганы мах хууль бусаар нийслэл рүү оруулахыг завдсан этгээдийг саатуулжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгаас гарсан машинаас 30 ширхэг тарваганы түүхий мах авч явсныг илрүүлэн хураан авч Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд наймдугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчид хамтран Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хал-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Био комбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа билээ.
Мөн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Төмөр замын төв буудал, Дүүргүүдийн худалдааны төвүүд, БГД “Тоса” худалдааны төв, СБД 7 буудал, БЗД Гачуурт, ЧД Гүнт болон нийслэл дүүрэг рүү ордог баталгаат бус замуудад Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнт эргүүл гарч ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)