В.Путин мэтгэлцээнд оролцохгүй гэв

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн өмнөх мэтгэлцээн албан ёсоор эхэллээ. Нэр дэвшигчид ОХУ-ын Төрийн өмчит таван телевиз, гурван радиогоор дамжуулан мөрийн хөтөлбөрөө танилцуулах юм. ОХУ- ын Ерөнхийлөгч Владимир Путин сонгуулийн өмнөх мэтгэлцээнд оролцохоос татгалзсан нь олон улсын хэвлэлийн анхаарлыг татлаа. Энэ талаар Кремлийн хэвлэлийн албанаас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин улиран сонгогдох магадлал өндөртэйг эх сурвалжууд онцолж байна. В.Путин 14 дэх жилдээ улсынхаа Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа юм. Оросын олон нийтийн судалгааны төвөөс хоёрдугаар сарын дундуур явуулсан санал асуулгад Владимир Путин сонгогчдын 71.5 хувь буюу олонхын дэмжлэгтэйгээр тэргүүлжээ. Улс төр судлаачдын хувьд түүнтэй хамгийн ойр өрсөлдөх нэр дэвшигчдээр Либерал Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский, Коммунист намын тэргүүн Геннадий Зюганов нарыг нэрлэж байна. Үүнээс гадна “АНУ-д ажиллаж, амьдарч байгаа ОХУ-ын иргэд ирэх сарын 5-наас Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч эхэлнэ” гэж тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Анатолий Антонов мэдэгдлээ. Түүнчлэн сонгуульд нэр дэвшиж байгаа телевизийн нэвтрүүлэгч Ксения Собчак нь Владимир Путинийг сонгуульд хууль бусаар нэрээ дэвшүүлсэн гэж үзэн шүүхэд зарга үүсгэсэн байна. Хэдий тийм боловч ОХУ-ын Дээд шүүх түүний заргыг хүлээж аваагүй гэдгээ даваа гарагт зарласан юм.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)