Д.Трамп БНХАУ-д "Худалдааны дайн" зарлалаа
- 2018-03-10
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дотоодын төмөрлөгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахаа мэдэгдлээ. Тодруулбал, гангийн импортод ногдуулах татварыг 25, хөнгөн цагааны татварыг 19 хувь болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр АНУ-ын дотоодын аж үйлдвэрлэлийг дэмжинэ гэж Цагаан ордны зүгээс үзэж байна. АНУ-ын төмөрлөгийн импортын ихэнх хувийг Канад болон БНХАУ-аас худалдан авч байгаа ган, хөнгөн цагаан эзэлдэг. Тиймээс энэ удаагийн шийдвэр Хятад улсад “Худалдааны дайн” зарласантай адил гэж зарим шинжээч дүгнэж байна.
АНУ ШУДАРГА БУС ӨРСӨЛДӨӨНИЙ ЗОЛИОС БОЛСОН УУ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп твиттер хуудастаа “Шударга бус худалдааны улмаас АНУ хохирч байна” хэмээн жиргэсэн билээ. Цагаан ордны тэргүүний зарласан шинэчлэл хөрөнгийн зах зээлд цохилт өгч, Доу Жонсын индекс хоёр хувиар унажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарын төлөөллийг Цагаан ордонд хүлээн авч уулзсан. Шинэчилсэн татварын талаар салбарын төлөөлөлтэй ярилцаж, энэ долоо хоногт татварын шинэчлэлийн талаар албан ёсоор зарлахаар болсон юм. Америкийн аж үйлдвэрлэлийг сэргээхэд энэ удаагийн шийдвэр чухал нөлөөтэйг Вашингтоны эрх баригчид онцолж байна. АНУ-ын төмөрлөгийн импортын хувь экспортоосоо дөрөв дахин давсан үзүүлэлттэй гарсан нь Цагаан ордны шийдвэрт нөлөөлжээ. Доналд Трамп сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр “Бид бусад улсаас ган худалдаж авсны улмаас дотоодын зах зээлд хямрал нүүрлээд байна” гэж мэдэгдэж байсан. Тэрбээр Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа “Хятадаас хямд үнээр ган худалдаж авснаар, дотоодын зах зээлийг тогтворгүйжүүлж байна” гэж удаа дараа хэлж байсан юм. Гэхдээ БНХАУ бол АНУ-ын хувьд гангийн цорын ганц экспортлогч орон биш. АНУ 110 улс орноос ган худалдан авдаг байна. Ган нийлүүлэгчдийн жагсаалтад БНХАУ арваннэгдүгээрт ордог бол Канад, БНСУ зэрэг улс эхний тавд бичигддэг. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Худалдааны сайд Уилбур Росст хандан, гангийн импорт үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаарх тайлан судалгаа бэлтгэхийг үүрэг болгосон байна. Тайлан судалгааны дүгнэлт өнгөрсөн сард гарч, импортын татварыг нэмэгдүүлэх шийдвэрт хүргэжээ. АНУ-ын төмөрлөгийн салбар 2008 оны хямралын дараа уналтад орж, өнөөдрийг хүртэл төдий л сэргэж чадаагүй байна. Эдийн засагчид салбарын нөхцөл байдлыг 2000 оны эхэн үетэй харьцуулахад “тун тааруу байгаа” гэсэн дүгнэлт өгчээ. АНУ 2000 онд жилдээ 112 сая тонн ган үйлдвэрлэж байсан бол 2016 онд 86.5 сая тонн болж буурчээ. Мөн энэ салбарт ажиллах иргэдийн тоо 135 мянгаас 83.6 мянга болж цөөрсөн байна.
ТАТВАРЫН БОДЛОГООР ТӨМӨРЛӨГИЙН САЛБАРЫГ СЭРГЭЭНЭ
АНУ төмөрлөгийн импортын татвараа нэмэгдүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ гэсэн асуултад шинжээчид тал бүрийн байр сууринаас хариулж байна. Татвар нэмэх асуудлыг Трампын захиргаа олон сар хэлэлцсэний үр дүнд дорвитой шийдвэр гарган шүүмжлэгч эсэргүүцэгчдийн “амыг тагласан” билээ. Гэхдээ аж үйлдвэрлэгчид энэ шийдвэрийг дуу нэгтэй таатай хүлээж авахгүй л болов уу гэж харж байна. Учир нь, автомашин үйлдвэрлэлээс эхлээд барилгын салбар хүртэл бүтээгдэхүүний үнээ нэмж, үүнийг дагаад олон зуун мянган ажлын байр үгүй болно гэж үзэж байна. Харин олон улсын тавцанд, гадаад бодлогын хувьд энэ алхам АНУ-ын гол холбоотнууд Канад, Солонгос зэрэг улстай харилцах харилцаанд ч төвөг учруулж болзошгүй гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жим Мэттис болгоомжилж байна. Бага Жорж Бушийн захиргааны үед ийнхүү татвараа нэмэгдүүлсэн ч өндөр өртөг бүхий худалдааны дайн эхлүүлэхээс сэргийлж, хоёр жилийн дараа Цагаан ордон шийдвэрээ буцааж байжээ.
Д.ТРАМПЫН ШИЙДВЭР ОЛОН УЛСЫН ДУРГҮЙЦЛИЙГ ТӨРҮҮЛЛЭЭ
Цагаан ордны тэргүүн Доналд Трампын энэ удаагийн шийдвэрийг олон улс дургүйцэн хүлээн авчээ. Вашингтоны шийдвэртэй холбоотойгоор Еврокомисс хамгийн түрүүнд харамсаж буйгаа илэрхийлээд байна. Энэ шийдвэр нь АНУ Европын холбооны харилцаанд муугаар нөлөөлж магадгүйг шинжээчид онцоллоо. Европын холбооны орнууд, Мексик, БНХАУ-ын эрх баригчид Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг “танах” арга хэмжээ авах боломж эрэлхийлж буйгаа зарласан. Түүнчлэн Канад улс Вашингтон импортын татвараа нэмбэл хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж байна. Канадын Гадаад хэргийн яамнаас улс орныхоо ашиг сонирхол, ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Тус улсын Худалдааны сайд Франсуа Филипп Шампань төмөрлөгийн экспортын татварыг нэмэгдүүлэх АНУ-ын шийдвэр Канад улсыг хамрах ёсгүй гэжээ. Харин Европын холбооны улсууд дотоодын ашиг сонирхлоо хамгаалах болно гэдгийг Еврокомиссын тэргүүн Жан Клод Юнкер тэмдэглэлээ. Германы Аж үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн АНУ-ын шинээр батлах гэж буй шийдвэр Олон улсын худалдааны байгууллагын дүрэмд харшилж байгааг анхааруулжээ. БНХАУ-ын эрх баригчид ч Америкийн шийдвэрт хариу арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ АНУ-ын дотоодод Ерөнхийлөгч Трампын энэ шийдвэрийг эсэргүүцэгчид байр сууриа илэрхийлж эхэллээ. Тухайлбал, Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Пол Райан зэс, хөнгөн цагааны импортын татвар нэмэхийг эсэргүүцэж буйгаа мэдэгдээд байна. Тэрбээр Ерөнхийлөгч Трампыг энэ санал санаачилгынхаа үр дагаврыг сайтар судалж, өөр арга зам эрэлхийлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)