Хятадын хүчирхэгжилт АНУ, ОХУ-ыг түгшээж эхэллээ
- 2018-03-06
- Дэлхий
- 2
Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын XIII сонгуулийн анхдугаар чуулган Бээжин хотноо эхэллээ. Энэ удаагийн чуулганд хууль тогтоогчид илүү өргөн хүрээтэй асуудлыг авч хэлэлцэх бөгөөд энэ сарын 20-нд өндөрлөх юм. Чуулганаар, Засгийн газрын тэргүүний тайлан илтгэлийг сонсох, улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөний үндсэн чиглэлийг батлах, төсвийн гүйцэтгэлийн тухай тайлан болон Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын газрын тэргүүнүүдийн илтгэлийг сонсох зэрэг цаг үеийн асуудлаар хэлэлцэнэ. Мөн БНХАУ- ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн өндөр дээд албан тушаалд шинэ хүмүүсийг томилох нь ажиглагчдын сонирхлыг татаж байна. Түүнчлэн БНХАУ-ын батлан хамгаалахын шинэ төсвийг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн ээлжит чуулганаар хэлэлцэн батлах юм.
БНХАУ БАТЛАН ХАМГААЛАХЫН ТӨСВӨӨ НЭМЖЭЭ
БНХАУ-ын эрх баригчид батлан хамгаалах салбарын төсвөө нэмэх тухай чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жан Есүй мэдээллээ. Тэрбээр “Батлан хамгаалах салбарын шаардлага, улс ардын эдийн засгийн хөгжлийн төвшний дагуу батлан хамгаалахын төсөвт зохицуулалт хийлээ. Сүүлийн жилүүдэд Хятад улс батлан хамгаалахын хөрөнгө оруулалтаа зохих хэмжээгээр өсгөсөн. Төсвийн зонхилох хувийг зэвсэг тоноглолоо шинэчлэх, алба хаагчдын амьдралыг сайжруулах, анхан шатны цэргийн ангийн сургуулилтын нөхцөлийг сайжруулахад зарцуулна. Батлан хамгаалалтын төсөв дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ, улс орны санхүүгийн хөрөнгө оруулалт, хүн тутамд ногдох тооноос үзвэл Хятадын батлан хамгаалах салбарын төсөв АНУ-аас бага байна. Хятад улс энхтайван хөгжлийн замаар замнаж, сэргийлэлтийн чанартай батлан хамгаалахын бодлого хэрэгжүүлж байна. Бид аливаа нэг улс оронд заналхийлсэн бодлого баримтлахаас зайлсхийдэг” хэмээн мэдэгдлээ. Хараахан батлагдаагүй байгаа ч 175 тэрбум ам.доллар хэмээн урьдчилсан байдлаар зарласан төсвийн хэмжээ олон улсын анхаарлыг татаж эхэлжээ. Хятад улс батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтаараа АНУ-ын дараа бичигдэж байгаа ч Пентагоны төсвөөс дөрөв дахин бага үзүүлэлт ажээ. Батлан хамгаалахын салбар дахь Хятадын хүчирхэгжилт АНУ, ОХУ-ыг түгшээх хэмжээнд хүрээд байна. Хятад улсын хувьд Оросын батлан хамгаалахын төсвийг хэдийнэ давсан бөгөөд цэрэг армийн хүчин чадлаа бэхжүүлэх, зэвсэг технологийг шинэчлэх зорилгоор жил бүр батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлсээр иржээ. Ийнхүү Бээжин цэргийн зардлаа өсгөж байгаа нь хөрш зэргэлдээ орших Вьетнам, Филиппинтэй Өмнөд Тэнгист, Японтой Дорнод Хятадын тэнгист олон жилийн турш газрын маргаантай байгаатай холбоотой аж.
ИХ ГҮРНҮҮДИЙН ТОГЛОЛТ АЗИД ТӨВЛӨРЛӨӨ
Хятад улс энэ онд цэрэг зэвсгийн зардлаа тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх болсон нь хэд хэдэн шалтгаантай аж. Хятад улс өнгөрсөн жилүүдэд армийн төсвөө нэмэгдүүлж ирсэн. Тус улсын батлан хамгаалах салбарын төсвөө өмнөх оныхоос 8.1 хувиар нэмж 1.11 их наяд юань буюу 175 тэрбум ам.доллараар хэмжиж байна. Өнгөрсөн онд БНХАУ цэргийн салбарт зарцуулах хөрөнгөө 12.2 хувиар нэмэгдүүлж 151.9 тэрбум ам.долларт хүргэсэн. Хятадын Засгийн газар цэргийн зардалдаа нэмэгдүүлж буйгаа “Орчин цагийн цэрэг зэвсгийн төвшинд хүрэхэд чиглэсэн” хэмээн тайлбарласан. БНХАУ цэргийн бие бүрэлдэхүүнээрээ дэлхийд тэргүүлдэг хүчирхэг гүрэн юм. Хятад улсаас гадна Энэтхэг, Японы эрх баригчид батлан хамгаалах салбартаа улсынхаа нийт төсвийн 30 гаруй хувийг зарцуулах болсон нь барууны цэргийн шинжээчдийн анхаарлыг татлаа. Хоёр Солонгос, Япон, Хятад зэрэг улс Зүүн Өмнөд Азид оршдог нь цэрэг армийн бодлогодоо зайлшгүй анхаарах шаардлагыг бий болгодог байна. Шинжээчид их гүрнүүдийн тоглолт Ази тивд төвлөрч эхэлснийг дурдах болсон. Тэр дундаа Азийн орнуудын батлан хамгаалахын салбар дахь төсөв, хөрөнгө хэд дахин нэмэгдэж Европын орнуудынхаас даваад байгаа юм. Олон улсын цэргийн шинжээчдийн үзэж буйгаар асуудлын гол нь төсөв хэмнэхдээ биш геополитикийн тоглолт Европоос Ази тив руу, тэр дундаа Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэж байгаагийн илрэл гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, АНУ-ын батлан хамгаалахын үзэл баримтлал шинэчлэгдэж, цэрэг, стратегийн бодлого нь Азийг анхааралдаа авах болжээ. Учир нь,эдгээр бүсэд газар нутгийн маргаантай асуудал хурцадмал байдалтай байгаа төдийгүй БНХАУ батлан хамгаалахын салбар дахь зардлаа жил ирэх тусам нэмэгдүүлж байгаатай холбоотой.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (2)
aa (202.21.106.151)
manai teneguud yu bodoj suudag bol batlan hamgaalah yamnii saidaa tsergiin hun bolgoj zewseg tehnikee yaraltai shinchil
(202.9.41.80)
gehde amjihgui l dee yagaad gevel dainii turshlaga baihgui oron. hamgiin ih turshlagatai uls bol OROS