Мүн Жэ Ин Пхеньянд элч илгээнэ
- 2018-03-06
- Дэлхий
- 0
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пхеньян руу тусгай элч томилсон тухай Хөх ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Хөх ордны үндэсний аюулгүй байдлын дарга Чүн Юү Ёнаар ахлуулсан баг Умард Солонгост хоёр өдрийн айлчлал хийх юм байна. “Өмнөд Солонгосын төлөөлөгчид БНАСАУ-ын дээд албаны хүмүүстэй Солонгосын хойгийн энхтайван байдлыг ахиулах, хоёр улсын харилцааг сайжруулах талаар ярилцана. Тухайлбал, хойгт цөмийн зэвсэггүй байхыг биелүүлэх зорилготой БНАСАУ, АНУ-ын дипломат уулзалт зохион байгуулах боломжийн талаар хэлэлцэнэ” гэж “Рёнхап” агентлаг онцоллоо. Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн баг Умард Солонгосын дараа АНУ-д айлчлах бөгөөд Пхеньяны уулзалтын үр дүнгээ Вашингтоны эрх баригчдад танилцуулах юм байна. Умард Солонгос АНУ-тай хэлэлцээр хийх зорилгоо илэрхийлсэн билээ. Гэхдээ Цагаан ордны зүгээс урьдчилсан нөхцөл гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ БНАСАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн. Мэдэгдэлд “Хоёр Солонгосын Засгийн газрын хамтын ажиллагаа шинэ шатанд хөгжиж байна. БНАСАУ нийт үндэстэн болон олон улсын хамтын нийгэмлэгийн энхтайвныг эрхэмлэх хүсэлтийн дагуу АНУ-тай хэлэлцээр хийх зорилгоо илэрхийлсэн юм. Бидний санал болгож буй хэлэлцээрт улс орнуудын эрх тэгш үндсэнд харилцан анхаарал хандуулж буй асуудлыг тусгасан. Солонгосын хойгийн байдал АНУ-ын байр сууриас бүрмөсөн шийдэгдэнэ. Манай улс зөвшилцөл, гадаад харилцаа, энхийн аргаар асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байна. АНУ бидний хэлэлцээрийн зорилгыг зөв хүлээн авах хэрэгтэй” хэмээн дурджээ.
Сэтгэгдэл (0)