ОХУ баллистик пуужин туршлаа

ОХУ-ын Баруун цэргийн тойрогт тактикийн “Искандер М” загварын баллистик пуужинг туршиж, байлдааны бэлэн байдлыг нь шалгасан тухай “Лента” агентлаг уламжиллаа. Оросын Батлан хамгаалах яам “Искандер” загварын пуужинг өнгөрсөн жилээс туршиж эхэлсэн бөгөөд энэ удаад зэвсэглэлд шилжүүлэхийн өмнөх туршилтаа амжилттай гүйцэтгэжээ. Капустин Яр талбайгаас хөөргөсөн пуужин 100 орчим километр зам туулж байг оножээ. Оросын Батлан хамгаалах яам баллистик пуужингийнхаа үйлдвэрлэлийг 2013 оноос хойш хоёр дахин нэмэгдүүлсэн билээ. Улмаар “Булава”, “Ярс” ба “Искандер М” системийн үйлдвэрийн дамжлагад 2020 он хүртэл 15 тэрбум рубль төсөвлөсөн байна. Орос улс 1980-аад оноос эхлээд пуужингаас хамгаалах систем хөгжүүлсэн. “Искандер М” пуужингийн цогцолбор нь 400 километрийн тусгалтай бөгөөд 700 килограмм жинтэй, тусгалын ончийн зөрөх магадлал нь таван метр юм. Пентагоны тооцоолсноор энэ зай нь Япон болон Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазуудад хүрэхгүй аж. Японы Аомори муж дахь “Мисава” нисэх баазад “Искандер М” пуужингийн цохилт өгөхийн тулд Курилийн арлуудын хамгийн өмнөд цэгт уг системийг байрлуулах шаардлагатай юм. НАТО-гийн цэргийн шинжээчдийн үзэж буйгаар “Искандер М” систем нь нисэх онгоцны буудал, фронтын арын төвлөрсөн цэгүүд болон бусад дэд бүтцийн хувьд үхлийн аюултай аж. Оросын НАТО- той хиллэдэг хил нь тэгш бус, дотогш гадагш даялсан байдгийг тооцвол Европын гүнд байгаа байд ч Оросын цэргийнхэн заналхийлэх чадвартай юм байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)