Ши Жиньпин Маотай энэ зэрэгцлээ

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн чуулганаар Коммунист намын XIII их хурлаар дэвшүүлсэн үзэл санаануудыг баталжээ. ТАСС агентлагийн Бээжин дэх тусгай сурвалжлагчийн мэдээлснээр, Хятад улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байгаа нь өнөөгийн эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд зохицож, улсын засаглалыг сайжруулахад нөлөөлөх юм. Хятадын төрийн эрхийг барьж байсан Мао Зедун соёлын хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах үзэл санаа, Дэн Сяопин дэвшилтэт үйлдвэрлэх хүчний онолоо хэрэгжүүлж, улсынхаа Үндсэн хуульд нэрээ бичүүлж байв. Ши Жиньпин хятад маягийн нэн шинэ Марксист онолоо хүлээн зөвшөөрүүлснээр Үндсэн хуульдаа тэмдэглэгдэн үлдсэн гуравдахь удирдагч болсон юм. Мао Зедуны бүх насаараа засаглах дэглэмийг унагаахын тулд Дэн Сяопины шууд удирдлага дор төрийн тэргүүний албан үүргийн хугацааг таван жилээр тогтоож, хуульчилсан байдаг. Үндсэн хуулийн энэхүү заалтыг хүчингүй болгуулж , улс орноо хугацаагүй захирах эрхтэй болсон Ши Жиньпиний санаачлан батлуулсан бодлогуудаас тоймлон хүргэе.

 

ҮНДСЭН ХУУЛЬ ҮХМЭЛ БАЙЖ БОЛОХГҮЙ

Хятадын Коммунист намын Төв хорооны боловсруулсан Үндсэн хуулийн төслийг ардын төлөөлөгчид санал нэгтэй баталжээ. "Үндсэн хуулийн өөрчлөлт нь Хятадын онцлогтой социализмыг хөгжүүлэх ерөнхий болон стратегийн зорилготой" гэдгийг Ши Жиньпин цохон тэмдэглэсэн байна. БНХАУ-ын одоогийн Үндсэн хуулийг 1982 онд баталсан. Тус улсын эрх баригчид эдийн засаг, үзэл сурталд үндэслэн 1988, 1993, 1999, 2004 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулжээ. Шинэ Үндсэн хуулийн дагуу Ши Жиньпин бүх насаараа Хятад улсын дарга, нам болон армийн ерөнхий командлагч байх шийдвэрийг хоёр төлөөлөгч эсэргүүцэн, гурван төлөөлөгч түдгэлзсэн бол бусад нь дэмжсэн санал өгчээ. Барууны ажиглагчдын үзэж буйгаар Үндсэн хууль болон өөрчлөлт нь зөрчилтэй ухагдахуун юм. Энэ хоёрын хооронд тэнцвэр байж гэмээнэ улс орны сайн засаглал тогтох аж. Хятадын төрийн төв хэвлэл “Рэньминь рибао” сонинд “Үндэстний хөгжлийг үндсэн хуулийн баталгаагаар хангана” сэдэвт тэргүүн өгүүлэл нийтэлжээ. Өгүүлэлд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Хятад улсын дарга Ши Жиньпиний хэлсэн үгийг эш татсан байна. Тодруулбал, “Үндэстний агуу их сэргэн мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд Үндсэн хуулийн баталгаа нь практикийн болон алс хэтийн чухал ач холбогдолтой. Бид нийгэм, эдийн засгийн олон талт ихээхэн өөрчлөлт гарч буй цаг үед амьдарч байна. Улс орнууд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах төсөл боловсруулах нь хууль болон нийгмийн хөгжлийг зохицонгуй байлгахын төлөө юм. Үндсэн хууль үхмэл байж болохгүй. Харин оршин тогтнох чадавхитай байх ёстой. Үндсэн хуулийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үл зохицох хэсгийг өөрчилж, зохицож буйг нь цаашид үргэлжлүүлэх болно. Бид их өөрчлөлтийн цаг үед амьдарч байгаа болохоор Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгтэй” гэжээ. Үндсэн хуулийн дагуу засаглах нь Хятадын хөгжлийн чиг болно гэж Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн. Үндсэн хуулийн өөрчлөлт нь Бээжингийн эрх баригчдын дотоод бодлогоос гадна гадаад харилцаанд ч нөлөөлөх юм. Тухайлбал, гадаад худалдааны маргаан үүсвэл хүчээр биш, хуулиар шийдэх ёстой. Ялангуяа улс орны гэхээс илүүтэй бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг чухалчилдаг өнөө үед Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь зүйтэй аж.

 

СУУРЬ НЬ БАТ БИШ БОЛ УУЛ ХҮРТЭЛ ДАЙВАЛЗДАГ

2018 он бол намын XIX их хурлын үзэл санааг хэрэгжүүлэх гарааны жил. Хятад улсын дарга ардын төлөөлөгчдөдөө хандан тавьсан илтгэлдээ “улс төрийн экологи” хэмээх ойлголтыг хөндсөн байна. Ши Жиньпин “Суурь нь бат биш бол уул хүртэл дайвалздаг. Анхан шатанд намын үүр маш чухал. Түүний засаглалыг эрчимжүүлэхийн тулд намын үүрийн дарга нарыг чадавхжуулах шаардлагатай. Удирдах боловсон хүчин улс төрийн ёс суртахууныг эрхэмлэх хэрэгтэй байна. Улс төрийн экологи бол байгаль экологийн адилаар ард түмний анхаарал сулрах төдийд бохирддог. Үүссэн сөрөг үр дагаврыг сэргээн засахад маш их хүчин чармайлт зарцуулна. Иймээс намын боловсон хүчин эв нэгдэлтэй зүтгэж, ард түмнээ сайхан амьдруулаасай гэж хүсч байна. Ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхэд боловсролтой боловсон хүчин хэрэгтэй. Намын бүх шатны удирдах боловсон хүчний үүрэг, хариуцлагыг ахиулна. Тэднийг улс төрийн ёс суртахуунтай байж, Үндсэн хуулиа сахиж буй эсэхийг намаас хатуу хянах болно. Төрийн хянан шалгах хороо нь Сахилга батын хяналтын төв комисстой хамтран ажиллана. Төрийн эрх мэдлийг төлөөлж буй уг хороонд аливаа этгээдэд хяналтын үйл ажиллагаа явуулах эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан” гэв.

 

“ИХ ХОТООС ТОСГОН РУУ”

Өөрчлөлт, нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилд, Хятад улс дэлхийн түүхэнд байгаагүй их цар хүрээ, өндөр хурдацтай хотжилтыг тууллаа. Өдгөө Хятадын хүн амын 57 хувь нь хотод амьдардаг аж. Энэ тоо 2020 он гэхэд 60 хувьд хүрэх төлөвтэй байна. Хотжилтоос үүдэлтэй нийгмийн асуудлаа шийдвэрлэхийн тулд Хятадын эрх баригчид их хотоос тосгон руу чиглэсэн бодлогыг хөгжлийн чиглэлдээ тусгахаар болжээ. Ингэснээр хотжилтоос үүдэлтэй агаарын бохирдол, ядуурал, төвлөрлийг сааруулах юм. Хятад улсын Засгийн газар 2020 он хүртэлх агаарын бохирдлыг арилгах гурван жилийн хөтөлбөр боловсруулсан. “Хятадын агаарын бохирдлыг арилгах талаар авсан арга хэмжээ үр дүнгээ өгч эхэллээ. Гэхдээ Хятад улсын хэмжээнд 338 хотын агаар мандлын чанарын үзүүлэлт стандарт хангахгүй байна. Тиймээс улсын хэмжээнд агаар мандлын бохирдлыг арилгах ажлын гол нь аж үйлдвэр, эрчим хүч, зам харилцааны бүтцэд тохируулалт хийж шилдэгжүүлэхэд оршино. Үүний зэрэгцээ нүүрсэнд түшиглэсэн эрчим хүчний бүтцийг өөрчлөхөд гол бүс нутгийн нүүрсний хэрэглээний ерөнхий хэмжээг бууруулах хэрэгтэй. Иймд “Их хотоос тосгон руу” санаачилгыг дэвшүүлж байна. Тосгодын хөгжлийг түргэсгэхийн тулд зам харилцаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлнэ. Хурдны төмөр замаар тээвэрлэх ачаа эргэлтийг нэмэгдүүлж, хүнд даацын автомашины тоог хязгаарлана. Ингэснээр утаа ялгаруулалт тодорхой хэмжээнд буурна” хэмээн Хятад улсын дарга Ши Жиньпин онцоллоо.

 

БАНК, САНХҮҮГИЙН САЛБАРЫГ НЭЭЛТТЭЙ БОЛГОНО

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын сүүлчийн өдөр буюу өчигдөр "Банк санхүүгийн өөрчлөлт, хөгжил" сэдэвт чуулган болжээ. БНХАУ-ын Төвбанк болох Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Жоү Шяочуань “Манай улс банк, санхүүгийн салбарын нээлттэй байдлаа өргөжүүлнэ. Хятад улс шинэ хөгжлийн үе шатанд орсон энэ үед гадаадад нээлттэй байх, зах зээлээ өргөтгөх шардлагатай. Гадаадын байгууллагуудад банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох хэрэгтэй. Хятадын банк, санхүүгийн байгууллага ч дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулна” гэв. Энэ талаар Хятад улсын дарга “Банк, санхүүгийн зах зээлийг гадаадад нээлттэй болгосныг хяналт сулруулсан хэрэг гэж үзэж болохгүй. Гадаадын банк, санхүүгийн байгууллагын зах зээлд гарах зөвшөөрөл авах, бизнес эрхлэх үед холбогдох хууль дүрмийн дагуу хяналт удирдлагад хамрагдах болно. Банк санхүүгийн хяналт удирдлагыг эрчимжүүлж, иж бүрэн хяналтын механизмыг боловсронгуй болгох нь эрсдэлээс сэргийлж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаална” хэмээжээ.

 

ЧАНАРТАЙ БАРАА ЧАНСААТАЙ ХӨГЖИЛ

Хятадын Засгийн газар олон улсын стандартын шалгуурыг хангасан чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавилаа. Засгийн газрын 2017 оны ажлын тайланд “Барааны чанар дээшлүүлэх өргөн хүрээтэй үйл ажиллагаа өрнүүлнэ” гэсэн бол энэ жилийн тайланд “Чанарыг бүх талаар дээшлүүлэх үйл ажиллагаа өрнүүлнэ” хэмээн тусгажээ. Ши Жиньпин “Чанартай бараа чансаатай хөгжил” зорилтынхоо талаар “Хятадын үйлдвэр эрхлэгчид барааныхаа чанарыг бүх талаар дээшлүүлэх нь чансаатай хөгжлийн шаардлагад нийцнэ. Хэмжил зүй, стандарт, нотолгоо, чанар, хорио цээр зэргээс бүрдсэн чанар чансааны үндэсний дэд бүтцийг бий болгоно. Ингэснээр шинэ зууны дэлхийн чанарыг Хятад улс тодорхойлдог болно” хэмээн тайлбарлажээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (59.153.115.246)

    2018-03-14

    яг зөв ,,