Катмандуд нисэх онгоц осолджээ
- 2018-03-14
- Дэлхий
- 0
Непалын нийслэл Катманду хотын Трибхуван нисэх буудалд газардах гэж байсан иргэний агаарын тээврийн онгоц осолдсон харамсалтай хэрэг орон нутгийн цагаар өнгөрсөн даваа гарагийн 14.15 цагийн орчим гарчээ. “BS211” дугаартай уг онгоц Бангладешийн Дака хотоос К атмандугийн чиглэлд нислэг үйлдэж байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр , Бангладеш улсын “US-Bangla” агаарын тээврийн компанийн “Бомбардер Даш 8Q400” загварын онгоц нь 78 хүний суудалтай бөгөөд осол болох үед 67 зорчигч, экипажийн дөрвөн гишүүн зорчиж байв. “Хималайн таймс” сонинд мэдээлснээр, 49 зорчигч амь эрсэдсэн ба энэ тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэнэ. Трибхуван нисэх буудлын захиргаанаас “Онгоц нислэгийн зурвасын өмнөд хэсэгт газардах зөвшөөрөл авсанч хойд талаас нь газардсан” хэмээн мэдэгджээ. Нислэгийн удирдлагын төв нисгэгчид буух зүгээ өөрчилсөн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Нисгэгчийн бүтээг дэх хар хайрцаг болон нислэгийн мэдээллийг хадгалсан хоёр дахь хар хайрцгийг шинжилгээнд өгсөн ба ослын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа аж. Непалын Трибхуван олон улсын нисэх буудлын ажилтнуудын мэдүүлж буйгаар, онгоц газардахдаа гүйлтийн замаасаа гарч, осолджээ.
Сэтгэгдэл (0)