Нэрт физикч Стивен Хокинг таалал төгслөө
- 2018-03-14
- Дэлхий
- 0
Өнөө цагийн шинжлэх ухааны од, физикч, сансар судлаач Стивен Хокинг 76 насандаа таалал төгссөнийг гэр бүлийнхэн нь мэдээллээ.
Британий нэрт эрдэмтэн Кэмбриж дэх гэртээ амьсгал хураасныг дөнгөж сая мэдээлсэн байна.
1963 онд 21 насандаа тэр мэдрэлийн өвчтэй болж, эмч нар түүнийг хоёр жилээс удаан амьдрахгүй гэж үзэж байсан юм. Гэхдээ Хокинг хагас зуунаас илүү удаан амьдарч, ихэнх эрүүл саруул хүмүүсийн хийж чадахааргүй их ажлыг амжуулжээ.
Хокинг хар нүх, харьцангуйн онолын талаар томоохон бүтээлүүд туурвиж, шинжлэх ухааны танин мэдэхүйн хэд хэдэн ном бичсэний нэг нь “A Brief History of Time” байсан юм. Тэр уг номыг 1988 онд анх хэвлүүлсний дараа 237 долоо хоногийн турш Сандэй Таймсын шилдэг номны жагсаалтад багтаж Гиннесийн дээд амжилтын номонд бичигдсэн байна.
Энэ ном 10 сая хувь хэвлэгдэж, дэлхийн 40 хэл дээр орчуулагдсан юм.
Хокинг 1965 онд Оксфордод хамт суралцаж байсан Жэйн Уайлдтай гэр бүл болж, гурван хүүхэдтэй болсон.
Гэвч 1980-аад оны дундаас эрдэмтний биеийн байдал улам дордож тэд 1991 онд салсан юм. Дөрвөн жилийн дараа Хокинг өөрийг нь 24 цагийн турш асарч байсан Элайн Мэсонтой гэрлэж 11 жилийн турш амьдарсан байна.
Байнга тэргэнцэрт сууж, компьютерийн тусламжтай хүмүүстэй харилцдаг байсан эрдэмтэн нэг удаа “Би 49 жилийн турш үхлээ хүлээж амьдарсан. Би үхэхээс айгаагүй, харин үхэхэд яарахгүй байна. Надад хийж амжуулах асар их зүйл байна” гэж хэлж байжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)