БНХАУ Засгийн газрын бүтцээ өөрчилж эхэллээ

 Хятадын эрх баригчид Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулах төслийг хянаж байна. Төслийн дагуу Хятадын засаг захиргааны дээд эрхт байгууллага болох Төрийн зөвлөл 27 яам, хорооноос бүрдэх юм. Улмаар Засгийн газрын бүтцээ найман яам, долоон хороогоор цөөлсөн байна. Тодруулбал, Байгаль, нөөц баялаг, Хөдөө аж ахуй хөдөө тосгон, Экологи хүрээлэн буй орчин, Соёл, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн үндэсний хороо, Чөлөөнд гарсан цэргийн хэрэг эрхлэх газар зэрэг Засгийн газрын байгууллагыг шинээр байгуулах аж. Хятадын Коммунист намын XIX удаагийн бүгд хурлаар “Нам болон төрийн байгууламжийн бүтцийг өөрчлөх тухай Төв хорооны тогтоол”,“Нам болон төрийн байгууламжийг өөрчлөх төсөл” зэргийг хянан баталсан ба Ардын төлөөлөгчдийн их хурлаар хэлэлцүүлжээ. Тус улсын Төрийн зөвлөлийн зохион байгуулалтын тухай хуульд зааснаар өөрчлөлтийн төслийг Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаар хянан хэлэлцүүлэх ёстой. Бүтцийн өөрчлөлт нь Хятадын Коммунист намын аппарат, Засгийн газрын удирдлага, зэвсэгт хүчин, олон нийтийн байгууллагын системийг хамрах юм.

БҮТЦЭЭ ЦОМХОТГОСОН Ч ХЯНАЛТАА САЙЖРУУЛНА

Улс орны засаглалын систем, удирдлагын хүчийг шинэчлэх зорилгоор бүтцийн өөрчлөлт хийхээр болсноо Хятадын эрх баригчид онцолсон. Хятад улс 1978 оноос өөрчлөлт шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлж, Төрийн зөвлөлийн бүтэцдээ долоон удаа халаа сэлгээ хийсэн байна. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд нийцсэн зохион байгуулалтын бүтэц, эрх үүргийн системийг бүрдүүлсэн юм. Хятад улс экологийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, Засгийн газар байгалийн нөөц, экологийн орчныг хамгаалах ажилд идэвхтэй оролцож байна. Төрийн зөвлөлийг өөрчлөх төслийн хүрээнд улс орныхоо уул ус, ой мод, тариалангийн газар, нуур цөөрмийг хамгаалах, сэргээх, засахын тулд Хятад улс Байгаль, нөөц баялгийн яамыг шинээр байгуулахаар болжээ. Үүнээс гадна Экологи, хүрээлэн буй орчны яам байгуулж, экологи, байгаль орчны бодлого төлөвлөгөө, стандарт боловсруулах, хэрэгжүүлэх, экологийн орчны хяналт, хууль сахиулах, бохирдлоос урьдчилан сэргийлэх, цөмийн болон цацраг идэвхт бодисын аюулгүй байдалд хяналт тавихаар болсон. Энэхүү өөрчлөлтөөр Засгийн газрын байгууллагуудыг цомхотгон, төрийн эрхийг тухайн салбарт шилжүүлж, эдийн засгийн хяналт, хууль сахиулах тогтолцоог боловсронгуй болгох юм. Мөн ажлын үйл явц дахь төрийн хяналтыг бэхжүүлэхэд төслийн зорилго оршино. Энэ хүрээнд Зах зээлийн хяналт удирдлагын үндэсний газар, Хятадын банк, даатгалын хороо зэрэг нэгжийг шинээр байгуулахаар төлөвлөжээ. Өөрчлөлтийн төслөөс үзвэл, Хятад улс Цагаачлалын үндэсний газрыг шинээр байгуулж, нийгмийн аюулгүй байдлын яаманд харьяалуулах аж. Улмаар цагаачлалын бодлого боловсруулан хэрэгжүүлэх, хилээр нэвтрэх, гадаадын иргэд түр оршин суух, байнга оршин суух, хятад хүн иргэний үнэмлэхээрээ хил нэвтрэх ажлыг хянан удирдах юм. Мөн Засгийн газрын харьяа Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны үндэсний хороог байгуулж, Хятадын гадаад улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, зээлийн асуудлыг хариуцуулахаар болоод байна.

...Тус улсын төрийн албан хаагчдын 80, удирдах албан тушаалтны 95 хувь нь Коммунист намын гишүүн юм. Иймээс намын дотоод хяналт, улсын хяналт шалгалт нэгдмэл байдаг. Үүнийг Засгийн газрын бүтцийн шинэчлэлийн хүрээнд өөрчилж авлигатай тэмцэх бие даасан газар байгуулахаар болжээ....

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР БАЙГУУЛНА

Хятадын Засгийн газар 2013 оноос авлига, хээл хахуультай холбоотой гэмт хэрэгтэй идэвхтэй тэмцэж, төрийн хяналтын системийг сайжруулсан билээ. “Хяналт шалгалтын тухай хууль нь авлигатай тэмцэх үндэсний хууль, тогтоомж юм. Авлигын хэргийг шалгадаг намын Төв хорооны хяналт шалгалтын тогтолцоог өөрчилж, хуулийн дагуу тэмцэх хэрэгтэй” гэсэн саналыг Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаар хэлэлцүүлжээ. Хятадад Нам, Ардын төлөөлөгчдийн их хурал, засаг захиргааны хэлтэс, хянан шалгах хороо, шүүх, прокурорын газар нь намын Төв хорооны нэгдмэл удирдлага дор эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Тус улсын төрийн албан хаагчдын 80, удирдах албан тушаалтны 95 хувь нь Коммунист намын гишүүн юм. Иймээс намын дотоод хяналт, улсын хяналт шалгалт нэгдмэл байдаг. Үүнийг Засгийн газрын бүтцийн шинэчлэлийн хүрээнд өөрчилж авлигатай тэмцэх бие даасан газар байгуулахаар болжээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)