Төрийн нарийн бичгийн даргад Майкл Помпеог дэвшүүлэв
- 2018-03-15
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг үүрэгт ажлаас нь чөлөөлснөө өчигдөр зарлалаа. Цагаан ордны тэргүүн “Р.Тиллерсон, хамтран ажилласанд тань талархлаа. Ээлжит ажилд нь амжилт хүсье” хэмээн жиргэсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трампын Төрийн нарийн бичгийн даргаа огцруулсан шийдвэр АНУ-ын төдийгүй дэлхийн хэвлэлийн онцлох сэдэв боллоо. Д.Трамп Р.Тиллерсоны хашиж байсан Төрийн нарийн бичгийн даргын албыг Майкл Помпеод хариуцуулахаа мэдэгдсэн. Майк Помпео Конгрессын гишүүн байсан бөгөөд АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын даргаар 2017 оны нэгдүгээр сард томилогдон ажиллаж байв. Тэрбээр 1963 оны арванхоёрдугаар сарын 30-нд Калифорни мужийн Оринж хотод, итали гаралтай гэр бүлд төржээ. Харвардын их сургуулийг төгссөн Майкл Помпео “Thayer Aerospace”, “Private Security” гэсэн хоёр компанийг үүсгэн байгуулсан. Мөн газрын тос олборлолтын “Sentry International” гэх компанийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. CNN агентлагийн онцолсноор, Дональд Трамп Ерөнхийлөгч болсныхоо дараа бизнесийн хүрээнийхнээс төрийн албанд “уруу татсан” хүмүүсийн нэг нь Майкл Помпео юм. Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшигчийг Сенатын танхимын хурлаар баталдаг. Сенатын танхимын гишүүдийн олонхийг саналыг авч Помпео Төрийн нарийн бичгийн даргын албанд томилогдох аж. Түүнчлэн Д.Трамп Тагнуулын ерөнхий газрын даргад Жин Хаспелыг томилж буйгаа мэдэгджээ. Улмаар АНУ- ын Тагнуулын төв байгууллагыг эмэгтэй хүн анх удаа удирдахаар болж байна.
Сэтгэгдэл (0)