Хоёр Солонгосын тэргүүний уулзалтад бэлтгэж эхэлжээ
- 2018-03-16
- Дэлхий
- 0
Өмнөд болон Умард Солонгос ирэх сарын сүүлээр болох хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байгаа тухай Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч Пэк Тэ Хён мэдэгджээ. “Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтад бэлтгэхдээ талууд харилцаа холбоотой ажиллаж байна. Уг асуудлыг эрхэлсэн зохих хороог эцэслэн байгуулсны дараа энэ уулзалтыг зохион байгуулах ажил эхэлнэ” хэмээн Пэк Тэ Хён ярьсан байна. Хоёр Солонгосын харилцааг сайжруулах хийгээд Пхеньян, Вашингтоны хоорондын яриа хэлэлцээрийг бэхжүүлэх зорилгоор Өмнөд Солонгосын төлөөлөгчид Умардад айлчилсан юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чон Юй Ён болон Үндэсний тагнуулын газрын дарга Со Хун нар багтсан билээ. Өмнөд Солонгосын төлөөлөгчид Пхеньянд айлчлах үеэрээ тус улсын удирдагч Ким Жон Унтай Хөдөлмөрийн намын төв байранд уулзаж, ирэх сарын сүүлээр Пхеньянд хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсон юм. Түүнчлэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох болон хоёр улсын харилцааг хэвийн болгох асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн буйгаа Умард Солонгосын тал илэрхийлсэн билээ. Мөн АНУ-тай яриа хэлэлцээ хийх үеэрээ пуужин болон цөмийн хөтөлбөрөө зогсоохоо Умард Солонгос амласан юм. Д.Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай энэ оны тавдугаар сард багтан уулзахад бэлэн байгаа тухай Чон Юй Ён өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн билээ. Харин Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдэхдээ “Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө хумих зорилгоор тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх хүртэл Д.Трамп болон Ким Жон Ун нарын уулзалт болохгүй” гэсэн юм.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)