“Бүү дуугар” буюу Гуан Моеэ
- 2018-03-18
- Дэлхий
- 0
Хятадын орчин үеийн уран зохиолын ноён оргилд Мо Янь хэмээх царай муутай махлаг эр залардаг. Түүний амьдрал зохиол бүтээлүүд шигээ адал явдал, гунигт үйл явдлаар дүүрэн. Орчин үеийн зохиолд ардын аман яриа, түүх домгийн өнгө аясыг гайхалтай сүлэлдүүлж чадсанаараа 2012 онд Нобелийн шагнал хүртсэн энэ эрхмийн нэрийг дархалсан зохиол бүтээл чухамдаа бага насных нь дурсамж дурдатгал, хүүхдийн нүдээр ертөнцийг таних гэсэн сэтгэлгээнээс үүджээ.
ТУУЛЬД ДУРТАЙ ХҮҮ
Хятадаас утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны хүн болох Мо Янь Хятадын зүүн хойд хэсгийн Шаньдун мужийн Гао Мин хэмээх буйдхан тосгонд 1955 оны хоёрдугаар сарын 17-нд мэндэлжээ. Гуан Моеэ хүүг тавдугаар ангид байхад нь соёлын хувьсгал өрнөж, амьдрал нь ихэд доройтсон гэдэг. Тэрбээр сургуулиасаа гарч бие муутай ээждээ туслан зах дээр байцаа зарж өдрийн хоолоо залгуулдаг байжээ. Хүү үлгэр туульд ихэд шимтдэг байв. Заримдаа туульчдын ид шидэд автаж өдөр шөнөгүй тууль сонсоод алга болчихдог байж. Түүний сонсдог туулиуд ихэнхдээ соёлын хувьсгалын эсрэг шинжтэй, дарлагчдын эсрэг боссон энгийн ардыг сайшаасан өгүүлэмжээс бүтдэг байжээ. Тэрбээр сонссон түүхүүдээ ээждээ ярьж, ээж нь ам хуурайгүй чалчдаг зүс царай муутай хүүгээ хэрэгт орох вий гэхээс ихэд эмээн “Бага ярь” гэж сануулдаг байжээ. Үүнээс л Мо Янь буюу “Бүү дуугар” хэмээх түүний нууц нэр үүссэн байна. Энэ тухай тэрбээр хожим нь “Миний жинхэнэ нэр Гуан Моеэ шүү дээ. Хэрэв Моеэ гэдэг нэрийг салгавал Мо Янь болно. Дуудахад ч тэгж гэж сонсогддог. Өөр нэг шалтгаан нь би багадаа их чалчаа хүүхэд байсан юм. Миний багад тийм байх нь нэг бол өөрийгөө, эс бол гэр бүлээ хэрэгт оруулдаг байлаа. Заавал улс төр гэхгүй, хөршөө муулчихад л хувьсгалын эсрэг гээд л донгодуулах нь энүүхэнд. Чалчаа зангаасаа болж эцэг эхийнхээ чихийг их халууцуулсан хүүхэд байжээ. Сургамж их хүртэнэ. Тийм ч учраас анх бичиж эхлэхдээ зохиолчид нэрээ нууцлаад, өөртөө нэр өгдгийг санаад юун түрүүнд “Бүү дуугар” гэсэн утгатай Мо Янь нэрийг сонгосон юм. Энэ нь нэг талаар эцэг эхийнхээ сургаалийг хүндэтгэж буй хэрэг. Нөгөө талаар зохиолч хүн бага ярьж, их бичих ёстой гэдгийг өөртөө байнга сануулж байя гэсэн санаа. Их ярих нь дэмий хүчээ алдаж, цаг үрэхийн нэмэр. Харин ярих цагаа бичихэд зориулбал илүү үр бүтээл гарна. Тэгэхээр Мо Янь гэдэг нэр бол илүү хичээнгүй ажилла гэж өөртөө өгсөн сануулга юм” хэмээн хуучилсан байдаг.
ЖИНХЭНЭ ОД БОЛОХ ЗАМ
Гуан Моеэ хүү ийнхүү тууль сонсч хийсвэр сэтгэлгээ, төсөөлөн бодох чадвараа хөгжүүлж, тосгоны захаар хонь хариулж явахдаа тэртээд нүүх үүлсийг элдэв янзаар дүрслэн сэтгэж, голын захаар алхаж буй бүсгүйг эртний домгийн өгүүлэмжид оруулан сэтгэдэг болсон байна. Тэрбээр хожим хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ном зохиолын амтанд орсон уншигч л яваандаа зохиолч болдог гэж би боддог. Уншиж байхдаа бичих хүсэлдээ автаж, яаж бичих вэ гэж сонирхон судалсаар зохиолч болох замдаа ордог. Над шиг тосгоны жаалд зохиолч гэдэг жинхэнэ од байлаа. Зохиол бичдэг хүн бол үнэхээр онцгой нэгэн гэж боддог байв. Тэр үед манай тосгонд Жинан, Шаньдуны нийслэлд сураад ирсэн сэхээтнүүд цөөнгүй байлаа.Тэд надад утга зохиол, зохиолчдынн тухай ярьдаг байсан учраас багаасаа бичих хүсэлтэй болсон юм. Дунд сургуульдаа хэл бичгийн хичээлдээ ч сайн, багш нараараа магтуулдаг хүүхэд байсан. Миний тархинд оюун ухаанд бүрэлдэж эхэлсэн тэр цаг үе Хятадын түүхэнд хамгийн хүнд бэрх цаг байлаа. Тэр үед хүмүүс өлсгөлөнгөөр үрэгддэг байлаа. Маш хүнд жилүүд байсан санагддаг. Хүүхэд ахуй цагаас ой ухаанд үлдсэн тэр жилүүдийн дурсамж хожим хойно ч мартагддаггүй юм байна. Миний санахаар манай тосгон их олон хүүхэдтэй. Өвлийн нартай өдөр бид бүгдээрээ байшингийн хана дагаж суугаад нарладаг байлаа. Бидний хувцас гэж биеэ халхлах юмгүй шахам ноорхой. Яс нь хэрзийсэн туранхай, гэдэс нь цүндгэр. Тэжээлийн дутагдалд орж, тураалд орсон хүүхдүүд арга байж уу. Бага сургуульд байхад би сахилгагүй нь дэндсэн нөхөр байж. Тавдугаар ангидаа сургуулиас хөөгдсөн. Ингээд сургуульгүй болсон хүн ажил хийх гэтэл ямар ч ажлын чадваргүй гээд авдаггүй. Мал дээр гарсан. Хонь, үхрээ хариулж явахдаа тэдэнтэйгээ л ярьдаг байлаа. Хожим бичиж эхлэх үед хүүхэд нас минь эргээд ирэх шиг л болж билээ. Тэгээд багын дурсамжуудаа сэргээж, өөрийн санааг бодит амьдралд тохиолдсон явдалтай сүлэлдүүлж зохиолоо бичдэг болсон” хэмээсэн байдаг.
ЧАЛЧАА ХҮҮ ДЭЛХИЙН ЗОХИОЛЧ БОЛОВ
Хэцүүхэн өнгөрүүлсэн хүүхэд насаа ийнхүү үлгэр домог, хийсвэр сэтгэлгээгээр дүүрэн үдэж, 1976 онд цэргийн албанд морджээ. Ээж нь хуримынхаа бөгжийг зарж түүнд “Хятадын товч түүх” хэмээх дөрвөн боть ном авч явуулсан байна. Энэ номын ачаар тэрбээр уран зохиолын амтанд улам дурлаж, 1981 онд “Хаврын үдэш бороо шиврэхүй” романаа бичжээ. Үүний дараагаар “Улаан тутрагын бүлэг” романаа бичиж шаггүй алдаршиж тоос шороотой тосгонд өнгөрүүлсэн он жилүүд нь түүнд юу өгснийг ойлгосон гэдэг. 1986 онд Цэргийн урлагийн сургуулийн Утга зохиолын ангийг дүүргэж уран зохиолын ертөнц рүү эргэлт буцалтгүй оржээ. Тэрбээр зөвхөн зохиолч байхыг хүссэнгүй уран зохиолын өндөр мэргэжилл эзэмшихээр 1991 онд Бээжингийн их сургуульд “Лю Сүний зохиолын судалгаа” сэдвээр магистрын зэрэг хамгаалж, 2005 оноос Гун Кайгийн их сургуулийн Хэл судлалын сургуулийн доктор, Цин Даогийн технологийн их сургуулийн зочин профессор, 2007 оноос эхлэн Хятадын урлаг судлалын хүрээлэнд судлаачаар ажиллажээ. 2010 онд “Эргэлт” намтарчилсан романаа бичиж шуугиан тарив. Сүүлийн арван жилд Хятад шиг хурдан хөгжсөн улс тун цөөн гэдэгтэй хүмүүс санал нийлэх биз. Гэвч энэ хөгжил өндөр үнээр олдож хувь хүн, нийгэмд ихээхэн хохирол учруулсныг Мо Янь энэхүү романдаа өгүүлжээ. Соёлын хувьсгалын хөлд хохирч хоцорсон хүүхэд ахуй наснаасаа эхлэн хожим алдартай зохиолч болох хүртэлх хувийн амьдралаа Хятадын нийгмийн амьдралын өөрчлөлт, хувьсалтай зэрэгцүүлэн хүүрнэсэн нь эрх баригчдын дургүйг хүргэж, зохиол бүтээлийг нь хэвлэхийг хорьж цагдах болов. Гэтэл Шведийн академи 2012 оны аравдугаар сарын 11- нд Хятадын зохиолч Гуан Моеэг утга зохиол дахь Нобелийн шагналтнаар зарлаж, дэлхийн хэмжээний зохиолч болгов.
“ЭЛБЭРЭЛТ ЭХ МИНЬ ДЭРГЭД АЛГА”
Тэрбээр 2013 оны арванхоёрдугаар сарын 8-нд Нобелийн шагнал хүртэх мөчдөө академийнханд “Түүх өгүүлэх хүмүүн” сэдэвтэй илтгэл тавихдаа “Шведийн академийн эрхэм гишүүд ээ, энэ удаа би Хятадын зүүн умард нутагт орших Гао Мин нэртэй бяцхан тосгоны тухай өгүүлэхийг хүслээ. Тэр тосгонд 90 дөхсөн өвгөн эцэг, эхнэр хүүхэд, ах, эгч, ой гуравхан сартай зээ охин минь бий. Гэсэн ч энэ үед бодол сэтгэлийг минь хамгаас ихээр эзэмдэж буй нэгээхэн хүнийг олж харахгүй л болов уу. Анд нөхөд минь, миний баяр баясгаланг хуваалцах элбэрэлт эх минь дэргэд алга даа. Ээж минь 1922 онд энэ хорвоод мэндэлж, 1994 онд будант орчлонг орхисон юм. Ээжийгээ тосгоны зүүнтээ орших чангаанзны цэцэрлэгт оршуулсан бөгөөд хэдэн жилийн өмнө тэр газраар төмөр зам тавих болж, булшийг нь зөөж билээ. Тэгэхэд авс нь илжирч, ээжийн минь араг яс газар шороонд уусч эхэлсэн байв. Чухам энэ л үеэс би гэдэг хүн ээжийгээ эх дэлхийдээ шингэснийг ухаарч, энэ газар шороон дээр зогсож өгүүлэх юм бүхэн маань түүний сонорыг мялаана хэмээн сэтгэх болсон доо” гэж өгүүлсэн байдаг. Тэрбээр зохиол бүтээлүүддээ дотор зарсхийлгэм аймшигт түүхийг маш энгийнээр өгүүлдэг онцлогтой. Үүнийг уран зөгнөлт өгүүллэг эсвэл шидэт үлгэр гэдгийг нь ялгаж салгахад тун хэцүү. Хэдий тийм ч түүний зохиол бүтээлийг уншсаны дараа зүүдэлсэн мэт хачин мэдрэмж үргэлж төрдөг.
ХИЙ ҮЗЭГДЛИЙН РЕАЛИЗМЫГ ҮНДЭСЛЭВ
Мо Янийг Хятадын уран зохиолын орчин үеийн ноён оргил гэж хэлж болох агаад барууны судлаачид түүнийг Оросын их зохиолч Л.Н.Толстойтой зүйрлэсэн нь бий. Зохиолч өөрийгөө “хүүрнэгч” гэж нэрлэх дуртай. Ихэнх зохиол бүтээлийнх нь үйл явдал төрөлх тосгон Гао Минд нь өрнөж, бага залуу насны ахуй амьдралын ул мөр болон үлдсэн учир тэр. 1981 оноос бичиж эхэлсэн түүний уран бүтээлд Габриэль Гарсия Маркес болон Уильям Фолкнер ихэд нөлөөлсөн гэдэг. Бичлэгийн шинэ хэв маяг, зохиомжийн онцгой байдлыг бий болгосон нь түүний уран зохиолын түүхэнд оруулсан гавьяа юм. Нобелийн шагналд тодорхойлохдоо түүнийг “Зохиол бүтээлээрээ “хий үзэгдлийн реализм”-ыг бий болгож /hallucinatory realism/ үлгэр домог, тууль, түүхтэй орчин үеийн хүний амьдралыг чадварлагаар сүлж туурвисанд олгов” хэмээн уран зохиолын нэгэн шинэ урсгалыг бий болгосныг цохон тэмдэглэжээ. Постмодерн сэтгэлгээг асар өндөр боловсролтой сэхээтнүүд залж чиглүүлсний үрээр 1970- аад оны сүүлчээс эхлэн модернизм, постмодернизм хоёрын зөрчил багасч, харилцан буулт хийж, өнөөдрийн сэтгэлгээний чиг хандлага тогтсон гэж судлаачид үздэг юм. Энэ сэтгэлгээний чиг хандлага дээр Мо Янь шидэт реализм хэмээх цоо шинэ сэтгэлгээг нэмж баяжуулав. Зохиолчийн “Explosions and other stories” өгүүллэгийн түүвэрт “Нисэхүй” хэмээх содон өгүүллэг бий. Мо Янийн энэ богино өгүүллэг гурван зурвасаар сүлэлддэг. Нэгдүгээрт, Хятадын ард түмний ахуй амьдрал, хүн зоны аж байдал, хайр дурлал гэсэн энгийн хүүрнэл. Хоёрдугаарт, хэний ч санаанд оромгүй үлгэр домгийн нисдэг бүсгүйн дүр. Түүнийг ниссэний дараах өгүүлэмжүүд буюу үнэг, хэрээ гэх мэтийн бэлгэдэлт дүр. Гуравдугаарт, Хятадын түүхийн тодорхой нэгэн мөчлөг буюу хуучин нийгмийн бэр, хүргэн солих ёсоор цаг хугацааны заагийг тодорхойлж өгсөн байдал юм. Энэ сүлэлдээн дээр зохиолын бүтэц бий болсон хэрэг. Ийм байдлаар өгүүлэмжийг уусгаж, түүх, домгууд шигтгэж, өнгөрсөн одоо цагийн зааг ялгааг баллуурдаж, нэг цэгт уншигчдыг аваачдаг зохиолыг “hallucinatory realism” буюу “Хий үзэгдлийн реализм”-д хамаатуулдаг.
БИЧВЭР СҮЛЭЛДЭЭНИЙГ ХӨГЖҮҮЛЖЭЭ
“Хий үзэгдлийн реализм” (hallucinatory realism) нь шидэт реализмын суурин дээр түүний хэцүү бэрх сүлэлдээн, ёгтлол, бэлгэдлүүдийг нэгтгэх, амьдрал руу дөт буулгах маягаар гарч ирсэн гэж судлаачид үздэг. Мо Янийн зохиол бүтээлд Маркесын шидэт реализм, Фолкнерийн домог зүй, далд бэлгэдлүүд ажиглагддаг нь үүнтэй холбоотой. Учир нь, Мо Янийн “Төмөр жаал” өгүүллэгт, Гао Мин тосгонд төмөр зам тавихаар хүрз зээтүү барьж чадах бүхнийг замын ажилд дайчилж, хүүхдүүдийг нь модон сараалж бүхий хашаанд түгжин хорих ажээ. Тэд хажуугаар өнгөрөх хүмүүсээс ээж ааваа сураглан дэмий л хашаан завсраар гадагш харуулдана. Удалгүй төмөр замын ажил дуусч үхэж, үрэгдэлгүй үлдсэн эцэг эхчүүд хүүхдүүдээ авахаар ирнэ. Харин нэгэн хүүг хэн ч ирж авсангүй. Тэрээр хаачихаа үл мэдэн шалбаагаар унд хийн тэнэж яваад төмөр хүүтэй таарна. Түүний бие яг зэв идсэн төмөр шиг цэлдэн хөх агаад ямар ч хатуу төмрийг амтархан идчих ажээ. Жаал хүү төмөр найзынхаа хамт төмрөөр өл залган амьдардаг. Удалгүй хүмүүс тэдний барьж аваад биеийг нь янгинатал зүлгүүрдэх ажээ. Эл өгүүллэгт харийн түрэмгийлэл, хувьсгалын үрээр хот тосгодод бүтээн байгуулалт нэрээр төмөр зам тавьж, тариачдыг ногоо тарих газаргүй болгох шахаж байсан үеийг өгүүлснээс гадна хэний ч санаанд оромгүй төмөр жаалын дүр хий үзэгдэл мэт боловч нөгөө талаас тухайн цаг үеийн байдалд ард түмний туулсан хэцүү бэрх цагийн ёгтлол юм. Өөрөөр хэлбэл, Японы түрэмгийллийн санаархал, энгийн ардын нуруунд үүрүүлсэн хүнд амьдрал, ялангуяа тутрага тарьж амь зуудаг хөдөө тосгодод төмөр идэх хэмжээний өлсгөлөн, гачаалыг авчирч, тэр утгаараа энэ бүхнийг зүлгүүрдэж арилгахсан гэсэн хүслийн ёгтлол дүр юм. Нисдэг бүсгүй, төмөр жаал бол Хятадын домог зүйд байдаг энгийн л дүрүүд. Монгол ардын үлгэрт ч гэсэн хүүхдүүдээ үгэнд нь орохгүй дэггүйтэхэд гуйсаар цөхрөнгөө барж, шувуу болон нисэж одсон бүсгүйгээс эхлээд олон домог, тууль бий. Зохиолчийн бүтээх арга барилд хамгийн их тусч, нөлөөлсөн зүйл нь Хятадын үлгэр тууль, ардын аман яриа, тосгоны тариачдын энгийн амьдрал юм.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл (0)