Европын холбоо олон тэрбум еврог Турк улсад огт үр ашиггүй зарцуулжээ
- 2018-03-19
- Дэлхий
- 0
Европын Холбооноос өнгөрсөн хугацаанд олон тэрбум еврог Турк Улсын эрхзүйн орчинг сайжруулах, авлигыг устгахад зарцуулсан билээ. Тус Улсыг Европын холбоонд элсүүлэх шаардлагыг хангуулахын тулд зориулж буй энэ их хэмжээний мөнгө хангалттай сайн үр дүнд хүрээгүй хэмээн Европын аудитын шүүхээс гаргасан тайланд дурджээ.
Энэхүү мөнгийг шүүх засаглалын бие даасан, хараат бус байдлыг сайжруулах, дээд түвшний авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хэвлэлийн эрх чөлөөг нэмэгдүүлэх зэрэг үндсэн асуудлуудад хангалттай зарцуулж чадаагүй гэсэн байна. Үүний гол буруутан нь тус улсын эрх баригчдын зүгээс шинэчлэл хийх улс төрийн хүсэл зориг муу байсан явдал гэсэн дүгнэлт гарчээ. 2018 оноос эхлэн Европын холбооноос Турк улсад зарцуулагдаж буй мөнгөнд илүү чанга хяналттай ажиллах ёстой гэсэн байна.
Харин Туркийн эрх баригчид энэхүү тайланг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Тэд улс төрийн хүсэл зоригтой ажиллаж ирсэн гэж мэдэгдсэний сацуу Европын холбооны гишүүн болох гэж буй тус улсад үзүүлж буй санхүүжилтээ багасгах нь зохимжгүй шийдвэр хэмээсэн байна.
2016 оны цэргийн эргэлтийн дараа тус улсын нийт төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудын 75 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд өнөөдрийг хүртэл 48000 иргэн шоронд хоригдож байгаа ажээ.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)