Андриа Зафираку дэлхийн шилдэг багш боллоо
- 2018-03-20
- Дэлхий
- 0
Дэлхийн шилдэг багшаар Лондоны баруун хойд дүүргийн Брент дунд сургуулийн хөдөлмөрийн багш Андриа Зафираку шалгарсан байна. Дубай хотод зохион байгуулсан ёслолд Арабын нэгдсэн Эмиратын Ерөнхий сайд, эмир Мохаммед оролцож, дэлхийн шилдэг багшид нэг сая ам.долларын батламж, алтан цом гардуулан өгчээ. Андриа Зафираку дүүргийнхээ ядуу, цагаач хүүхдүүдэд урлагийн тухай сонирхолтой лекц уншиж, хөдөлмөрийн хичээл төлбөргүй заадаг аж. Шавь нар нь түүнд 35 үндэстний хэлээр баярын ил захидал бэлэглэснийг “Евроньюс” агентлаг онцоллоо. “Би шавь нарынхаа ирээдүйд сэтгэл үргэлж зовнидог. Тэднийг бусдад нинжин сэтгэлээр ханддаг хүн болгон төлөвшүүлэхийг хичээдэг. Тиймээс сургуульд сурах боломжгүй хүүхдүүдэд заах хичээлдээ сургуулийнхаа сурагчдыг ч хамруулдаг” хэмээн Андриа Зафираку сэтгэгдлээ хуваалцжээ. Энэ жилийн дэлхийн шилдэг багшийн төлөөх шалгаруулалтад 170 орны багш оролцсон байна.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)