М.Захарова: “Новичок” бодисыг Англид үйлдвэрлэсэн байж болзошгүй
- 2018-03-23
- Дэлхий
- 2
Английн Солсбери хотод ЗХУ-ын тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия Скрипаль нарыг химийн бодисоор хордуулсан хэрэг гарсан билээ. Их Британийн шинжээчид хэргийн газраас “новичок” химийн бодисын илэрцийг олж, ОХУ-ыг үүнд буруутай гэж үзэж байна. Энэ хэргээс улбаалан барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг тавьсан байна. Түүнчлэн, Сергей Скрипалийн мөрдөн шалгах ажиллагааг Их Британийн Засгийн газар эхлүүлсэн. Энэ хүрээнд түүнийг хордуулсан гэх бодисын дээжийг Олон улсын химийн зэвсэг хориглох байгууллагад илгээжээ. Шинжилгээний хариу хоёр долоо хоногийн дараа гарах аж. Харин Москвагийн эрх баригчид Скрипалийг хордуулсан гэх хэрэгт хамааралгүй гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч М.Захарова “С.Скрипалийг хордуулсан гэх “Новичок” химийн хорт бодисыг Их Британид үйлдвэрлэсэн байж болзошгүй. Хэрвээ Скрипалийг чухам ямар бодист хордсоныг тогтоохыг хүсч байгаа бол Английн лабораторид байгаа химийн бодисуудтай харьцуулах хэрэгтэй. Скрипалийн хордсон бодисыг тогтоосон гэх “ПортонДаун” лаборатори нь Их Британийн хамгийн том цэргийн объект төдийгүй тэнд химийн зэвсгийн туршилт явуулдаг. Энэ лаборатори Солсберигээс холгүй байрладаг гэдгийг санах хэрэгтэй” гэжээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон энэ хэргийн талаар “Оросын тал “Новичок” гэх химийн бодисыг үйлдвэрлэж байсан баримт бидэнд бий” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Борис Жонсон Москвагаас албан ёсны тайлбар хүсч байгаа ч Кремль энэ хэрэгт хамааралгүйгээ мэдэгдсэн. Их Британийн Засгийн газар Кремлийн үл тоомсорлосон байр суурийн хариуд Оросын 23 дипломат ажилтныг эх орноосоо гаргасан билээ. Улмаар Лондон дахь Оросын Элчин сайдын яамны 23 дипломат ажилтан өнгөрсөн мягмар гарагт эх орондоо иржээ. Москвагийн тал ч хариу арга хэмжээ авч, СанктПетербург дахь Их Британийн дипломат төлөөлөгчийн газрыг түр хааж, Английн 23 дипломат ажилтныг нутаг буцахыг албан ёсоор шаардсан байна. Түүнчлэн Европын холбоо болон НАТОгийн гишүүн орнууд “новичок” химийн бодисын талаар тодруулга хийхийг ОХУ-аас шаардсан байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Солсбери хотод гарсан халдлага бол НАТО-гийн эвслийн газар нутагт мэдрэлд нөлөөлөх химийн бодис хэрэглэсэн анхны тохиолдол. Энэ бол олон улсын хэм хэмжээ, хууль дүрмийг зөрчсөн, хүлээн зөвшөөрөх аргагүй халдлага юм. Хэргийг илчлэхэд НАТО-гийн орнууд нэгдэж, одоо явагдаж буй мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдэж байна. ОХУ-аас хийсэн мэдэгдэл нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг үл тоосон шинжтэй байсан. Тиймээс ОХУ химийн зэвсэг хориглох байгууллагад “новичок” химийн бодисын талаар бүрэн дэлгэрэнгүй тодруулга хүргүүлэхийг бид шаардсаар байх болно” гэсэн байна.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (2)
zochin (202.131.243.190)
Hulgaich l hulgaichaa bariarai gej orildog gedeg shig Ih britani uls oorsdoo horduulchihaad OHU-aas shaltag haigaad bgaa yum bish uu. Eh ornoosoo urvagchiig ooriinhoo tald elsuulj ajilluulchihaad hereggui bolood horduulsan yum bish uu. ANU-iin gadaad bodlogiig Ih britani uls dagan ehleed Hoid Solongosiig gantsaarduulah bodlogo yavuulj bsan bol odoo OHU-iig delhii dahind gantsaarduulah, ene bodlogodoo evropiin busad uls ornuudiig tatan oroltsuulah geed bgaa ni ilerhii bna. Delhiin 2-r daini ued Ih britani baildalguigeer natsist germand buuj ogch bsan uls. Odoo Ih gurnuudiin hoorond yas hayah bodlogo yavuulj bna. Tereza Mei gedeg teneg huuhnii orond Margirata Tetcher bsan bol arai oor bodlogo, ug heleh bsan bh gej bodoj bna
ХЭ (182.160.4.92)
ОРОС Л ХОНЗОГНОЖ УСТГАА БИЗ.ӨӨР ХЭН ТООЖ УСТГАХ ЮМ.