Ким Жон Ун АНУ-д нааштай хандаж эхэллээ
- 2018-05-07
- Дэлхий
- 0
Умард Солонгосын шоронд хоригдож байсан солонгос гаралтай АНУ-ын гурван иргэнийг суллаж, Пхеньяны ойролцоох зочид буудалд шилжүүлсэн талаар Цагаан ордны тэргүүн Д.Трамп жиргэжээ. “Гурван иргэнийг сулласан тухай мэдээллийг Өмнөд Солонгосын хүний эрхийн байгууллага уламжилсан” гэж Ерөнхийлөгч Д.Трампын жиргээнд дурдсан байна.
Пхеньян дахь дипломат эх сурвалжууд энэ мэдээллийг батлаагүй бол АНУ-ын төрийн департамент Ерөнхийлөгчийн жиргээг батлах боломжгүй гэдгээ мэдэгджээ. Хоригдож буй иргэдийнхээ асуудлыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пхеньянд айлчлахдаа онцгойлон ярилцсан аж. Хоёр улсын төрийн тэргүүний түүхэн уулзалтыг угтан талууд албан бус яриа хэлэлцээг удаа дараа зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал, Норвегийн Осло хотод болсон албан бус уулзалтын үеэр Умард Солонгост баривчлагдсан АНУ-ын иргэдийг суллах асуудлыг хэлэлцсэн бололтой.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, нууц уулзалтуудад Америкийн талаас голдуу эрдэмтэн судлаачид зэрэг шийдвэр гаргах төвшний бус хүмүүс оролцож байгаа бол Умард Солонгосын тал дунд тушаалын албаны хүмүүсээ илгээж байгаа аж. АНУ-ын гурван иргэнийг хөдөлмөрийн хуарангаас сулласан Пхеньяны үйлдлийг Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны шинэчлэлийн бодлого АНУ-д нааштай болсныг илтгэлээ хэмээн ажиглагчид тайлбарлаж байна. Ямартай ч Пхеньянд хоригдож буй АНУ-ын иргэд эх орондоо ирэхэд нэг алхам ойртлоо. Хоригдож байгаа иргэдийн нэг болох Ким Дон Чул Виржиниа мужийн оршин суугч бөгөөд 2015 оны аравдугаар сард тагнуул хийсэн хэргээр баривчлагдаж, хүнд хөдөлмөрийн хуаранд 10 жил хоригдох ял авчээ. Тэрбээр Умард Солонгосын эдийн засгийн тусгай бүс болох Расонд худалдаа, зочид буудлын бизнес эрхэлдэг байжээ. Мөн хоригдол Ким Сан Дукыг 2016 оны дөрөвдүгээр сард Пхеньяны нисэх буудлаас БНАСАУ-ын төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх шалтгаанаар баривчилсан аж.
Ким Сан Дук Пхеньянд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд багшлахын зэрэгцээ өнчин хүүхдүүдийн асрах төвд сайн дурын ажилтан байв. Гурав дахь хоригдол Ким Хак Сон яг нэг жилийн өмнө хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэргээр баригджээ. Тэрбээр Ким Сан Дукын адилаар Пхеньяны Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хөдөө аж ахуйн судалгааны төвд судлаачаар ажиллаж байжээ. Умард Солонгост хоригдож байгаа АНУ-ын гурван иргэний асуудал Вашингтон, Пхеньяны харилцаанд нөлөөлнө гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдлээ. “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр АНУ-ын иргэдийг сулласан гэх мэдээ цацагдаж байгаа ч бид одоогоор энэ мэдээллийг нотолж чадахгүй байна. Бидэнд энэ талаар хэлэх зүйл алга. Ямар ч байсан тэдний аюулгүй байдал, биеийн эрүүл мэнд ямар байгаагаас АНУ болон Умард Солонгосын Засгийн газар хоорондын харилцаа шууд хамаарна. Тэднийг суллавал бид үүнийг сайн санааны бэлэг тэмдэг хэмээн үзэх болно” гэж АНУ-ын дипломатч CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Эх сурвалжид өгүүлснээр БНАСАУ-ын эрх баригчид АНУ-ын гурван иргэнийг суллахыг зөвшөөрсөн бөгөөд хоёр сарын өмнө суллах шийдвэр гаргасан гэнэ.
Гэхдээ Умардын эрх баригчдын энэ шийдвэр Пхеньян цөмийн зэвсгээсээ татгалзах ёстой гэх Вашингтоны байр суурийг өөрчлөхгүй юм байна. Вашингтоны эрх баригчид Умард Солонгост саатуулагдсан АНУ-ын иргэдийг аль болох хурдан суллахын төлөө ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм. Харин Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг “БНАСАУ-д тагнуул хийсэн ба дайсагнасан үйл ажиллагаа явуулсан хэрэгт ял авсан АНУ-ын гурван иргэнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр хорих газраас Пхеньяны ойролцоох зочид буудалд шилжүүлэн байрлуулжээ” хэмээн мэдээлсэн байна.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)