Утга зохиолын салбарт Нобелийн шагнал олгохгүй

Утга зохиолын салбарын Нобелийн шагналын эзнийг энэ жил тодруулахгүй гэдгээ Шведийн Эзэн хааны академиас мэдэгдлээ. Нобелийн хорооны мэргэжилтэн Андерс Олссон “Бид удаан хугацаанд нухацтай зөвлөлдсөний эцэст энэ ондоо утга зохиолын салбарт Нобелийн шагнал олгохгүй байхаар шийдлээ. Гэхдээ 2019 онд энэ жилийн утга зохиолын салбарын шагналын эзнийг хамтад нь зарлах болно” гэжээ. Тус академийн санхүүжилтээр соёлын төсөл хэрэгжүүлж байсан Францын гэрэл зурагчин Жан-Клод Арногийн бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байсан гэдгээ 18 эмэгтэй нийтэд дэлгэж, улмаар шуугиан дэгдээсэн билээ. Хохирогч эмэгтэйчүүд Жан-Клод Арно бэлгийн дарамт, хүчирхийллээ Нобелийн хорооны байранд үйлдсэн гэж мэдэгдсэн байна. Харин Жан-Клод Арно энэ бүх мэдэгдлийг няцааж байгаа юм. Мөн түүнийг Нобелийн шагналын эздийн тухай мэдээллийг хугацаанаас нь өмнө олон нийтэд дэлгэсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Утга зохиолын салбарт 1901 оноос Нобелийн шагнал олгож эхэлсэн ба дэлхийн I, II дайны үеийн зургаан жилийг эс тооцвол ердөө 1935 онд л “Нобелийн шагнал авах хэмжээний бүтээл туурвисан хүн байхгүй” гэх шалтгаанаар утга зохиолын салбарт Нобелийн шагналтныг тодруулж байгаагүй ажээ. Түүнчлэн АНУ-ын конгрессоос Ерөнхийлөгч Дональд Трампыг Энхтайвны шагналд нэр дэвшүүлэхийг хүссэн захидлыг Нобелийн хороонд илгээсэн байна. Захидалд “Конгрессийн гишүүд бид Солонгосын дайныг дуусгах, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, бүс нутгийн энхтайван аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ерөнхийлөгч Д.Трампыг 2019 оны Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшүүлж байна” хэмээн бичжээ. Түүнчлэн “Таймс” сонинд мэдээлснээр, Бельгийн их сургуулийн эрдмийн зөвлөлөөс нэрт физикч агсан С.Хокингийн сүүлчийн бүтээлийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэхээ мэдэгдлээ. Стивен Хокингийн нас эцэслэхээсээ өмнө бичиж төгсгөсөн уг өгүүлэл шинжлэх ухааны томоохон нээлт болох талаар эрдэмтэн Томас Хертох ярьжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)