Д.Медведев: Макро эдийн засагт дэвшил хийснээрээ бахархдаг
- 2018-05-07
- Дэлхий
- 0
ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевийн “Россия 1” сувгийн “Вести в субботу” шууд нэвтрүүлгийн сэтгүүлч СЕРГЕЙ БРЫЛЁВТАЙ хийсэн ярилцлагаас хөрвүүлэн хүргэж байна.
-Дмитрий Анатольевич та Оросын Засгийн газрын тэргүүний албыг 2012 оноос хойш хашлаа. Зургаан жил гэдэг багагүй хугацаа. Та Засгийн газрынхаа үйл ажиллагаанд ямар үнэлэлт өгөх вэ?
-Өнгөрсөн зургаан жил манай орны хувьд онцгой үе байлаа. Энэ утгаараа Засгийн газрын үйл ажиллагаанд урьд өмнө байгаагүй ахиц гарсан юм. Оросын шинэ түүхэнд хамгийн тогтвортой ажилласан Засгийн газрын Үндсэн хуулиар олгогдсон зургаан жилийн хугацаа дуусгавар болж байна. Засгийн газрын үйл ажиллагаа урьд өмнө тохиолдож байгаагүй нөхцөл байдалд явсныг онцлох хэрэгтэй. Энэ байдал 2008 онд болсон хямралын давалгаанд үүссэн. Нөгөөтэйгүүр, дэлхийн эдийн засагт тааламжгүй өөрчлөлтүүд, 2014 оноос эхэлсэн олон улсын хориг арга хэмжээтэй бид нүүр туллаа. 1998 оны хямралтай харьцуулахад манай улсын санхүүгийн зах зээл бүхэлдээ нээлттэй байсан гэдгийг хэлэх ёстой. Энэ хүнд үед дэлхийн бүх улс биднээс нүүр буруулаагүй. 2014 онд гадаадын санхүүжилт зогсч, Оросын компаниуд болон хувь хүнийг хар жагсаалтад хамруулан хилийн чинад дахь хөрөнгийг нь царцааж эхэлсэн. Энэ бүхэн манай экспортын гол бүтээгдэхүүн болох байгалийн хийн зах зээлийн ханшийн уналтад нөлөөлсөн юм. Цаг хугацаа хэцүү байсан ч бид эцсийн хүчээ дайчлан ажиллалаа. Энэ хугацаанд бид цаг алдалгүй асуудлыг шийдэж чадсан учраас хямралыг хохиролгүй давсан. Надад үнэлгээ тавих эрх байхгүй. Ерөнхийлөгчийн өгсөн даалгавар, Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн ажил, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн гэдгийг бардам хэлье. Бид энэ хүнд хэцүү үед нийгмийн байдлыг хангах ёстой байсан бөгөөд үүнийг баталгаажуулахыг хичээсэн. Төрөөс өгсөн тэтгэмж, тэтгэвэр, цалин хөлсний хэмжээг нэмэх шийдвэрийг биелүүлснээ амжилт гэж боддог.
-Та Ерөнхий сайдын албыг хаших хугацаандаа гаргасан амжилтаараа бахархдаг уу. Магадгүй танд илүү ихийг хийж бүтээх хугацаа хомс олдсонд харамсч байна уу?
-Надад хийж бүтээх боломж олдсонд баярладаг. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд макро эдийн засагт дэвшил хийснээрээ бахархдаг. Ялангуяа газрын тос, байгалийн хийн экспортын хоригийн улмаас манай эдийн засаг гурван хувиар унасан. Хэдий хүнд байсан ч бид дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг таван хувьд хүргэж чадсан.
-Тэгэхээр таван хувь гэдэг зургаан жилийн дундаж үзүүлэлт үү?
-Энэ бол ерөнхий үзүүлэлт. Түүнээс гадна 2008-2009 онд манай эдийн засаг найман хувиар буурсан. Эдийн засгаа тогтвортой өсгөнө гэсэн Засгийн газрын зорилготой харьцуулахад таван хувь гэдэг чамлахаар үзүүлэлт. Би инфляцид онцгой ач холбогдол өгдөг. 1990-ээд оны эхэн үеэс манай улс инфляцийг бууруулах зорилго тавьсан. 1990 онд 500 хувьд хүрснийг санаж байна уу. Энэ бол Оросын түүхэн дэх хамгийн хэцүү цаг үеийн нэг байлаа. Засгийн газар ажлын анхны өдрөөсөө инфляцийн төвшинг 10 хувиас хэтрүүлэхгүй барихыг чухалчилсан. Гэтэл эдийн засагт үүссэн тулгамдсан асуудлын улмаас манай инфляц 13 хувь давсан. Гэсэн хэдий ч 2017 оны эцэс гэхэд инфляцийг барьж 2.5 хувьд хүргэлээ. Энэ бол манай улсын түүхэн дэх инфляцийн хамгийн бага төвшин бөгөөд анх удаа 10 хувиас буурсан.
-Ерөнхий сайд аа, улс оронд ажлын байр нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бид ард түмнээ бараа бүтээгдэхүүнээр хангахаас гадна ажлын байраар хангах үүрэгтэй. Хэрвээ бид хөдөлмөрийн зах зээлийн талаар яривал өнөөдөр ажилгүйдлийн төвшин таван хувиас бага байна. Европын орнуудад ажилгүйдлийн төвшин 20-25 хувьд хүрэх нь элбэг тохиолддог. Ихэнх хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт 7-9 хувьтай байдаг. Гэхдээ бид өнөөгийн эдийн засгийн бүтцээс илүү орчин үеийн дэвшилтэт тогтолцоонд шилжих хөтөлбөрийг эхлүүлсэн нь ажлын байр бий болгоход оршино.
-Иргэдийн амьжиргааны төвшний талаар нэг зүйл тодруулъя. Засгийн газар эрүүл мэндийн салбарт хэр анхаарал хандуулан ажиллав. Хүн амын дундаж наслалт нэмэгдсэн үү?
-Дундаж наслалт бол нийгмийн гол үзүүлэлт. Энэ талаар Ерөнхийлөгч мэдэгдэл хийсэн ба би Төрийн Думд тавьсан илтгэлдээ дурдсан. Засгийн газрын үйл ажиллагаа, бусад эрх мэдэл бүхий байгууллагуудын оролцоо амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд чиглэдэг. Орос хүний дундаж наслалт жилээс жилд нэмэгдэж, 2017 оны судалгаагаар 73 хүрсэн.
-Оросын эсрэг “Хоригийн дайн” аль ч улсын хувьд хөгжлийн стратеги байх боломжтой юу?
-Оросыг хязгаарлах бодлого нь тэдний стратеги юм. Олон улсын нийгэмлэг дэх манай түншүүд цааш үргэлжлүүлэн ажиллах болно. Импортыг орлуулах, өөрийн эдийн засгийг хөгжүүлэх, нийгмийн институциудыг сайжруулах явдал бол ганцхан хариу үйлдэл биш юм. “Хоригийн дайн” бидний хувьд төдийгүй европчуудын хувьд ч алдагдалтай. Америкчууд ч бага хэмжээний алдагдал хүлээнэ. Гэхдээ хамгийн чухал зүйл бол бид иймэрхүү нөлөөллийн хариу арга хэмжээ авах арга хэрэгслийг боловсруулсан.
-АНУ-ын зүгээс тавьсан шинэ хориг арга хэмжээний талаар та юу хэлэх вэ. Манай улсын зүгээс хариу хориг тавих уу. АНУ-ын хар жагсаалтад багтсан компаниудад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх үү?
-Думын гишүүд энэ талаар хэлэлцэж байгаа. Мэдээж, америкчуудын үйл ажиллагааны хариуг нь өгнө. Гэхдээ бид прагматик байх ёстой. Тиймээс энэ асуудлыг сайтар хэлэлцэж шийдэх хэрэгтэй.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)