Д.Трамп, Мүн Жэ Интэй Вашингтонд уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Мүн Жэ Интэй Цагаан ордонд энэ сарын 22-нд уулзахаар товлолоо. Талууд АНУ, Умард Солонгосын удирдагчдын уулзалтын талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа аж. Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хоёр улсын төрийн тэргүүн гурав дахь удаагаа уулзах гэж байна. АНУ, Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтын тухайд тов, зохион байгуулах газрын талаар тохиролцоонд хүрсэн гэж эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Гэхдээ энэ тухай тодорхой мэдээлэл алдагдахаас талууд болгоомжилж байгаа аж. Түүхэн уулзалтын хүрээнд Умард Солонгосын тал хэд хэдэн салбарт буулт хийсэн билээ. Гэвч энэ удаагийн дээд уулзалтаас өмнө АНУ-ын зүгээс Умард Солонгост дарамт шахалт үзүүлж, цэргийн хүч хэрэглэхээр сүрдүүлж байна гэж Пхеньян шүүмжлэлтэй хандах боллоо. Тодруулбал, БНАСАУ-ын Гадаад хэргийн яамнаас “АНУ цөмийн зэвсгээсээ татгалзвал хариуд нь хориг арга хэмжээгээ өргөжүүлэхгүй хэмээн Умард Солонгосыг санаатайгаар өдөөн хатгаж байна” гэж мэдээллээ.

Мөн Вашингтон Умард Солонгосын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, шахалт үзүүлсний үр дүнд тус улс цөмийн зэвсгээсээ татгалзах амлалт өгсөн гэж олон нийтэд ташаа мэдээлэл түгээж байна гэж буруушаасан юм. Түүнчлэн АНУ, Солонгосын хойг руу нэмэлт техникээ илгээж, нөхцөл байдлыг муутгаж байна гэдгийг санууллаа. Энэ бүхнийг яриа хэлэлцээний уур амьсгалыг эвдэх гэсэн аюултай оролдлого гэж үзэхээс өөр аргагүй гэж Пхеньяны эрх баригчид үзэж байна. Мөн Умард Солонгосын энхтайванч төлөвлөгөөг сул доройн илрэл гэж үзэж, цэргийн болон бусдаар шахалт дарамт үзүүлж байгаа нь алдаа гэдгийг Умард Солонгосын тал анхааруулжээ.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)