Д.Трамп: Иран хуурамч амлалт өгсөн
- 2018-05-12
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хэлэлцээрээс гарч Тегераны эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэхээ илэрхийллээ. Цагаан ордонд хийсэн “Ираны хэлэлцээрийн нөхцөл хангалтгүй болжээ. Хэлэлцээрийн заалтад Иран улс баллистик пуужин хөгжүүлэхийг хориглоогүй, Ойрхи Дорнодод тогтворгүй байдал үүсэхээс сэргийлсэн үг нэгээхэн ч үгүй. Мөн хэлэлцээр хүчингүй болсны дараа уран баяжуулах үйл ажиллагаагаа сэргээхийг зөвшөөрсөн заалт хавсаргажээ. Ираны цөмийн хэлэлцээрийн асуудлаар өгсөн амлалт хуурамч гэдгийг нотлох хөдөлшгүй баримт АНУ-д бий” хэмээн Дональд Трамп хэлжээ. Тэрбээр илтгэлээ дуусгаад Ираны цөмийн хэлэлцээрээс гарах тухай баримт бичигт гарын үсэг зурсан юм. Тегераны эсрэг хориг арга хэмжээнд эрчим хүч, газрын тос, хими, банк санхүү зэрэг эдийн засгийн салбарыг хамруулахаа Цагаан ордны зүгээс мэдэгдлээ.
Мөн АНУ-ын Сангийн яам Иранд хориг арга хэмжээ хэрэгжүүлж эхэлснээ зарласан байна. Вашингтоны эрх баригчдын мэдэгдлийн дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэрбээр “Ираны цөмийн хэлэлцээр бол цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх салбар, гадаад харилцааны хүрээнд гаргасан чухал амжилт бөгөөд бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдалд ашигтай гэж би хувьдаа боддог. Хэлэлцээртэй холбоогүй зүйлийг гэрээний үндсэн дээр шийдвэрлэх нь чухал” хэмээв. АНУ, Ираны цөмийн хэлэлцээрээс гарсны дараа Франц, Их Британи, Германы удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргаж, Д.Трампын шийдвэрт харамсч буйгаа илэрхийлжээ. Франц, Их Британи, Герман улс энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна. Хамтарсан мэдэгдэлд Ираны цөмийн хэлэлцээр гурван орны аюулгүй байдалд маш чухал ач холбогдолтой бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор батлагдсан гэдгийг онцолжээ. Иймээс хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлж, хариуцлагатай байр сууриар үйл ажиллагаа явуулахыг гурван орны удирдагчид холбогдох талуудад хандан уриалжээ.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)