Зүүн хойд Азийн тогтвортой хөгжлийн талаар хэлэлцэв
- 2018-05-13
- Дэлхий
- 0
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Токио хотноо дээд хэмжээний уулзалт хийж, хамтарсан мэдэгдэл гаргалаа. Энэ нь гурван улсын төр, засгийн тэргүүний 2015 оноос хойш хийсэн анхны уулзалт юм. Ли Көцян сүүлийн долоон жилийн хугацаанд Японд хөл тавьж буй Хятадын анхны Ерөнхий сайд болсон бол Мүн Жэ Ин 2011 оноос хойш Японд айлчилж буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч боллоо. Гурван улсын удирдагчид мөн эдийн засгийн асуудлаар хамтран ажиллах арга замуудын талаар хэлэлцжээ. Түүнчлэн Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахын тулд олон улсын хамтын нийгэмлэгийн гаргасан бүх хүчин чармайлтыг сайшаасан байна. Хятад Японы тал БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалтын ач холбогдлыг дүгнэжээ.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа талууд хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн юм. Солонгосын хойгийн энхтайван хөгжил нэгдлийн төлөөх Пхамунжоны тунхаг, цөмийн зэвсэггүй бүс болох механизмыг Хятадын тал дэмжин ажиллахаа Ли Көцян илэрхийллээ. Мөн “БНАСАУ, Америкийн төрийн тэргүүний уулзалтыг амжилттай болгохын тулд анхаарал хандуулж, Солонгосын хойг болон Зүүн Хойд Азийн бүс нутгийн тогтвортой хөгжлийг эрхэмлэнэ. Хятад, Япон, БНСУ бол Зүүн Азийн эдийн засгийн чухал цогц учир хамтын ашиг сонирхлыг харгалзан үзэх хэрэгтэй. Гурван улсын хамтарсан дээд хэмжээний уулзалтыг тогтмол зохион байгуулж, хамтын ашиг сонирхлоо тэлж, санал зөрөлдөөнөө зохицуулна. Дэлхийн энхтайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахын тулд бүс нутгийн энх тайван болоод тогтвортой байдлыг хангаж, сахин хамгаалахын төлөө манай гурван улс илүү нягт хамтран ажиллах нь зүйтэй” гэдгийг Хятадын төрийн зөвлөлийн дарга мэдэгджээ. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятад улсад хоёр дахь удаагаа айлчилсныг Ш.Абэ уулзалтын эхэнд цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр “Умард Солонгосыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс эргэлт буцалтгүйгээр бүрэн татгалзуулах боломж бидэнд байна. Цөмийн зэвсгээсээ татгалзах дорвитой үйлдэл хийхийг Умард Солонгосоос шаардахын тулд Япон, Хятад болон Өмнөд Солонгос олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах хэрэгтэй. Мөн олон жилийн өмнө Умард Солонгосын тагнуулчдад хулгайлагдсан Японы иргэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд улс орнууд хамтран ажиллах шаардлагатай.
Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааг урагшлуулж, санал зөрөлдөөнөө шийдвэрлэснээр бүс нутаг болон дэлхийн тогтвортой байдалд нөлөөлнө. Бүс нутгийн дижитал эдийн засаг, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагаа хөгжлийн чухал тулгуур болно.
Хоёр Солонгосын төрийн тэргүүний уулзалтыг Японы тал идэвхтэй дэмжиж, хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг ахиулж, Зүүн Хойд Азийн энхтайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна” гэв. Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Солонгосын хойг болоод Зүүн Хойд Азид энх тайван байдлыг цогцлооход Япон болон Хятадын дэмжлэг туслалцаа маш чухал. БНСУ, Хятад, Япон бол түүх, газар зүй, соёлын хувьд хөрш бөгөөд хамтын ажиллагааны чухал түншүүд юм. Хятад болон Японтой дорвитой хамтран ажиллаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохоор хичээж, Зүүн Хойд Азийн хөгжлийг хамтдаа бүтээе. Олон салбарын бодит хамтын ажиллагаа болон иргэдийн солилцоог өргөжүүлж, гурван орон урьд хожид өвлийн олимпын наадмыг зохион байгуулснаар боломж болгон, хүмүүсийн харилцаа холбоог өргөжүүлнэ” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)