Тегеран Европын гурвалтай тохиролцоно

АНУ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2015 онд Иран улстай гэрээ байгуулж, Тегеран цөмийн хөтөлбөрөө царцаах, АНУ хариуд нь эдийн засгийн хоригуудаа цуцлах үүрэг хүлээж байсан юм. Ингэснээр Иран улс газрын тосоо экспортлох боломж бүрдэж, эдийн засаг нь сайжирсан билээ. Гэвч Тегераны эрх баригчид бүс нутгийн асуудалд хэт оролцож, Сирийн дайныг санхүүжүүлсэн гэх шалтгаар АНУ хэлэлцээрийг орхиход хүрчээ. Гэрээг цуцалснаар Иран улс хоригт дахин өртөж, эдийн засгийн хувьд хүнд байдалд орох нөхцөл үүсчээ. Улмаар Иранд АНУ-ыг эсэргүүцсэн бослого дэгдэж, олон улсын анхаарлын төвд өртлөө.

ИРАНЧУУДЫН БУХИМДАЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЧЭЭ

Вашингтоны эрх баригчид Ираны цөмийн хэлэлцээрээс гарсны дараа тус улсад тавих эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангатгахаа мэдэгдсэн билээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Иранд тавих хориг арга хэмжээг энэ долоо хоногт батална. АНУ цөмийн хэлэлцээрээс гарснаараа байж болох хамгийн хүнд дарамт шахалтыг Иранд үзүүлэх болно” гэжээ. Энэ мэдэгдлийн дараа Ираны парламентын гишүүд цаасаар хийсэн АНУ-ын далбааг шатааж, “АНУ сөнөтүгэй” хэмээн нэгэн дуугаар хашгирч эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Парламентын дарга Али Лариджани “Дональд Трамп дэлхий нийтийн амгалан тайван байдалд аюул заналхийлэл авчирлаа” хэмээн АНУ-ын үйлдлийг зэмлэсэн байна. Ираны ард иргэд ч Цагаан ордны байр суурийг эсэргүүцэн нийслэл Тегеран хотод олныг хамарсан жагсаал зохион байгуулжээ. Жагсаалд оролцсон иргэд “Ираны цөмийн хэлэлцээрийг үргэлжлүүлж, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалъя”, “Иран гаднын ямар ч сүрдүүлэлтээс айхгүй” гэсэн уриа барьж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Мөн Ираны шашны тэргүүн, Аятолла Али Хаменеи АНУ-ын Ерөнхийлөгчийг Персийн булангийн улс орнуудтай үгсэн хуйвалдсанд буруутгаж мэдэгдэл хийжээ. “Хэдэн өдрийн өмнө Д.Трамп Персийн булангийн нэр бүхий улс орны тэргүүлэгчдэд бичсэн захидлын эх хувь бидэнд бий” хэмээн Аятолла Али Хаменеи мэдэгдсэн байна. Цагаан ордны тэргүүн Дональд Трампын холбоотнууддаа бичсэн гэх захидал ямар шугамаар Ираны шашны тэргүүний гарт очсон талаар тайлбар хийгээгүй аж.

ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР БРЮССЕЛЬД УУЛЗАНА

Европын гурвал Иран улстай АНУ, Тегераны цөмийн гэрээнээс гарсан асуудлаар нүүр тулан уулзаж, байр сууриа тодорхойлохоор болжээ. Европын холбооны гадаад бодлогын асуудал хариуцсан тэргүүн Федерика Могерини, Герман, Франц, Их Британийн Гадаад хэргийн сайд нар маргааш Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифтай үүссэн нөхцөл байдлын талаар Брюссельд хамтарсан уулзалт хийхээр төлөвлөөд байна. Уулзалтын үеэр “Мохаммад Жавад Зарифтай Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг дагаж мөрдөх бодит баталгааг хэлэлцээрт оролцогч улсуудаас хүснэ” гэж ажиглагчид таамаглаж байна. Уулзалтыг сайд нарын төвшинд хийх тухай Ираны дипломат эх сурвалж мэдээлсэн хэдий ч тус уулзалтад Герман, Их Британи болон Францын Гадаад хэргийн сайд нар оролцох эсэх нь тодорхойгүй байна. Энэ уулзалтаас гарах үр дүн, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын гэрээний цаашдын хувь заяа, байр суурийг тодорхойлох юм. Германы канцлер Ангела Меркел “АНУ Ираны цөмийн хэлэлцээр болон Парисын уур амьсгалын гэрээнээс гарсан нь олон улсын хамтын ажиллагаанд дарамт учрууллаа. Ираны хэлэлцээрийг АНУ-ын оролцоогүйгээр үргэлжлүүлэх боломжтой эсэхийг судалж үзнэ. Ямар ч тохиолдолд Герман улс олон улсын гэрээ хэлэлцээрийг чанд баримтлах болно” гэж мэдэгдлээ. Мөн А.Меркел Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханитай утсаар ярьж, Ираны цөмийн хэлэлцээрт заасан тогтоолыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ илэрхийлсэн байна.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)