Д.Трамп: 1987 оны гэрээг ОХУ зөрчлөө

Дунд болон ойрын зайн тусгалт пуужинг устгах тухай олон улсын гэрээг ОХУ-ын эрх баригчид зөрчсөн гэж Вашингтоны тал мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Оросын тал 1987 онд баталсан гэрээгээ зөрчиж эхэллээ. В.Путинтэй энэ сэдвээр ярилцах болно” хэмээгээд Оросын эсрэг хориг боловсруулахыг Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеод үүрэг болгожээ. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр, АНУ- ын конгресс “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай” гэрээг зөрчсөн ОХУ-ын түшмэдийн эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөө бүхий илтгэл бэлтгэхийг шаардсан байна. Цагаан ордны шаардлагын дагуу М.Помпео Батлан хамгаалах, худалдаа, Сангийн яам болон Үндэсний тагнуулын газрын удирдлагатай хамтран ажиллахаар болсон байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийн хариуд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хандан Орос олон улсын үүргээ түүний дотор дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэмээв. АНУ-ын Засгийн газар цөмийн зэвсгийн "шинэ онол" эрсдэлийг нэмэгдүүлэхгүй гэж мэдэгдээд байгаа юм. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Герберт Макмастер "Дунд зайн тусгалтай цөмийн зэвсгийг тархаан байршуулахыг хориглосон 1987 оны гэрээг ОХУ зөрчсөн" гэж мэдэгджээ. Ийнхүү хоёр их гүрэн цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарч байгаад Европын орнууд санаа зовниж байгаагаа илэрхийллээ.

“АНУ, Зөвлөлтийн хооронд байгуулсан дунд болон ойрын зайн пуужин устгах тухай байгуулсан гэрээг зөрчиж, дунд тусгалын далавчит пуужингаар туршилт хийлээ” хэмээн АНУ Оросыг буруутгасан талаар “Нью-Йорк таймс” сонинд бичжээ. Эх сурвалжид, дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээг ЗСБНХУ болон АНУ-ын хооронд 1987 оны арванхоёрдугаар сарын 8-нд Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачев Вашингтонд айлчлах үеэр байгуулсан ба гэрээний нөхцөлийг хадгалах хэрэгтэйг онцолсон байна. “Энэтхэг, Иран, Пакистан, Израиль, Өмнөд Солонгос, БНАСАУ зэрэг улс дунд зайн тусгалтай пуужин бүтээж, боловсронгуй болгож байна. Гэтэл дунд болон ойрын тусгалтай пуужингийн тухай гэрээг зөвхөн АНУ, Орос л мөрдөж байгаа аж. Ийм нөхцөлд Москвагийн эрх баригчид аюулгүй байдлаа хангах талаар бодох ёстой нь тодорхой. Европт агаарын довтолгооноос хамгаалах ПДХ системийн шинэ элемент байрлуулах тухай АНУ-ын төлөвлөгөө Москваг түгшээх нь аргагүй. Мюнхенд болсон олон улсын Бага хуралд оролцсон Балтийн орнууд Европт заналхийлсэн 5-8 мянган километрийн тусгалтай пуужинт зэвсэг асуудал бүхий орнуудын алинд ч байхгүйг хүлээн зөвшөөрсөн” хэмээн ТАСС агентлаг мэдээллээ. Түүнчлэн АНУ нь Румын, Польш улс пуужингийн довтолгооноос хамгаалах системийн нэгжээ байршуулахаарй болсноо өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн. Вашингтоны шийдвэрийг Оросын тал “Стратегийн тэнцвэрийг алдагдуулж байна” гэж дургүйцэн хүлээн авчээ. Оросын хилийн ойролцоо амдан устгагч пуужин байршуулснаар тус улсын цөмийн цэнэгт баллистик пуужинг газраас дөнгөж тасран хурд авч эхлэх үед нь устгах стратегийн ашигтай байрлалыг АНУ бүрдүүлж байгаа юм. Пентагоны амдан устгагч пуужинд цөмийн цэнэгт хошуу байрлуулах боломжтой нь Оросыг эрсдэлд оруулж байна. Гэтэл АНУ, Оросын хооронд байгуулсан стратегийн зэвсэглэлийг хориглох гэрээний дагуу хоёр улс нь хуурай газар байрлалтай дунд зайн тусгалтай пуужин үйлдвэрлэх, зохион бүтээх, турших хориотой юм. Иймд ОХУ-ын тал “Вашингтоны эрх баригчид Польш, Румынд амдан устгагч пуужингаа байршуулбал хариу болгож тэдгээр пуужинг хөөрөхөөс өмнө баталгаатай устгах чадвартай ойрын зайн тусгалт “Искандер-М” пуужингаа хилийн ойролцоо байрлуулна. Дунд тусгалын пуужингаа шинээр үйлдвэрлэж эхэлнэ” гэдгээ мэдэгдсэн юм.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)