Танилц: Волгоград дахь “Ялалтын Арена”

Волгоград хот

Дэлхийн II дайны ялалтын бэлгэ тэмдэг болсон Мамаевын цогцолбороос холгүй, Ижил мөрний хөвөөн дэх “Победа Арена” буюу “Ялалтын Арена” цэнгэлдэх хүрээлэн нь 45 мянган үзэгчийн суудалтай. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт ОХУ-ын цомын төлөөх тэмцээний шигшээ тоглолтоор буюу энэ сарын 9-нд болжээ. Орчин үеийн шинэлэг хэв загварын тус цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн аваргын хэсгийн дөрвөн тоглолт болно. Тухайлбал, Тунисийн шигшээ баг будант Альбион хэмээн алдаршсан англичуудтай ирэх сарын 19- нд “Победа Арена” цэнгэлдэхэд өрсөлдөх юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтан Волгоград хотын нийтийн тээвэр болон дэд бүтцийн салбарт багагүй хөрөнгө оруулалт хийсэн байна. Тухайлбал, хотын нисэх онгоцны буудалд хөөрөх зурвас нэмснээр ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Бүгд Найрамдах улс болон Турк, Египет, Тунис, Грек, Арабын нэгдсэн Эмират улс руу нислэг үйлдэх боломжтой болжээ.

Энэхүү цэнгэлдэх хүрээлэнг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа Волгоградын “Ротор” хөлбөмбөгийн клубийн эзэмшилд шилжүүлэн өгөх аж. ЗХУ-ын баатар хот Волгоградаар овоглодог “Ротор” клуб нь Оросын хөлбөмбөгийн баг дунд дээгүүрт эрэмбэлэгддэг билээ. Волгоград хот 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй хотоос цэрэг, дайны баатарлаг түүхийн гэрч болсноороо ялгардаг. ОХУ-ын Зүүн Өмнөд нутгийн Волгоград хотыг 1925- 1961 онд Сталинград, 1925 оноос өмнө “Царицын” гэж нэрлэж байв. Дэлхийн түүхэнд хамгийн тэвчээр шалгасан хэмээн алдаршсан Сталинградын төлөөх тулаан 1942-1943 онд өрнөсөн энэ хот Оросын шинэ түүхийн голомт юм. Сталинградын төлөөх тулалдаан нь Дэлхийн II дайны явцад үндсэн эргэлт гаргах эхлэлийг тавьсан билээ. Тиймээс Бээжин хотын “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнг санагдуулам “Победа Арена”-г “Эх орон дуудаж байна” сүрлэг хөшөөний ойролцоо барьсан бөгөөд барилгын ажилд 17 тэрбум рубль зарцуулжээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.21.120.147)

    2018-05-20

    Үнэхээр оросын ард түмний тэвчээр эр зоригийг шалгасан даа.Немцүүд гардан тулаанд орохдоо орос цэргийн гарт нь жижиг хүрз харагдах юм бол зүрх нь зогсдог байлаа.