АНУ, Бээжингийн эсрэг шийдвэрээсээ буцахгүй

Ши Жиньпиний эдийн засгийн зөвлөх Лю Хэ АНУ, БНХАУ-ын хооронд үүсээд байгаа худалдааны маргааныг шийдвэрлэх зорилгоор Вашингтонд тав хоногийн айлчлал хийж байна. АНУ-ын хууль тогтоогчид БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Хэтэй уулзах үеэр Хятадын тал шударга бус худалдааны бодлогоо зогсоохыг шаарджээ. Айлчлалын үеэр АНУ-ын Худалдааны асуудал хариуцсан хорооны гишүүд Хятадын төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын худалдааны харилцааг шударгаар зохицуулахыг сануулсан байна. Түүнчлэн АНУ-ын Сенатын санхүүгийн хорооны дарга Оррин Хэтч Лю Хэг хүлээн авч уулзсан бөгөөд шинжээчид энэ уулзалтыг тийм ч амжилттай болоогүй гэж дүгнэжээ. Учир нь уулзалтын дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр Оррин Хэтч “БНХАУ-ын импортын бүтээгдэхүүнд Дональд Трампын засаг захиргаа тариф ногдуулах шийдвэрээсээ буцахгүй. Хоёр тал нааштай, ажил хэрэгчээр хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаанд оршиж буй өнөөгийн асуудлыг зохицуулах ёстой.

Америкийн үйлдвэр худалдааныхан хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжиж, хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулахын тулд үргэлжлэн ажиллах болно” хэмээн онцолжээ. Хятадын төлөөлөгчид “Эдийн засаг, худалдааны харилцаа одоо хамгийн чухал цаг үедээ байна. Эрх тэгш, харилцан ашигтай эдийн засаг, худалдааны харилцаа хоёр орны харилцаанд чухал үүрэгтэй” гэв. АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээр эрчимжсэн энэ үед БНХАУ-ын 50 тэрбум ам.доллараар үнэлэгдэх импортод тариф ногдуулах Дональд Трампын шийдвэрийг АНУ- ын 120 гаруй компани эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, 3000 гаруй саналыг тус улсын Худалдааны төлөөлөгчийн газарт хүргүүлсэн байна. Түүнчлэн Хятад, Америкийн үйлдвэр, худалдааны салбарын ээлжит хурал Бээжинд өндөрлөлөө. Хоёр хоног үргэлжилсэн тус хурлаар хоёр улсын эдийн засаг, худалдааны асуудлаар талууд санал солилцсон байна. Мөн “Нэг бүс, нэг зам” санаачилга, олон улсын хамтын ажиллагаа, дижитал эдийн засаг, эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн сэдвээр хэлэлцсэн байна.

 

Г.Цэрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)