АНУ Хятадтай худалдааны маргаанаа зогсоолоо
- 2018-05-21
- Дэлхий
- 0
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний эдийн засгийн ахлах зөвлөх Лю Хэ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр улсын худалдааны маргааныг шийдвэрлэхээр уулзсан байна. Уулзалтын үеэр БНХАУ-ын тал АНУ-ын худалдааны алдагдлыг 200 тэрбум ам.доллараар бууруулах саналыг тавьжээ. "Уулзалтын үеэр Д.Трамп хоёр талын худалдааны салбарт үүсээд буй сөргөлдөөнийг бүтээлчээр шийдвэрлэхэд хоёр улсын мэргэжилтнүүд хамтран ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийлэхийн сацуу худалдаа, эдийн засгийн салбарт сайн харилцаатай байх нь чухал юм гэдгийг онцлон тэмдэглэсэн” гэж Хятадын Худалдааны яам “We- Chat” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Мөн АНУ-аас авах импортын бүтээгдэхүүнүүдээ нэмэгдүүлж, эдийн засгийг дэмжих бодлого баримтална гэдгээ амласан байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч “Эрчим хүч боловсруулах аж үйлдвэрийн салбарт худалдаа болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний худалдаа зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэн хөгжүүлэх, оюуны өмчийн эрхийг бататгах чиглэлд бид хамтран ажиллах шаардлагатай” хэмээжээ. Хятадын төлөөлөгчид АНУ-ын Сангийн сайд Стивен Тернер Мнучин, Худалдааны сайд Вилбур Росс, Худалдааны төлөөлөгч Роберт Лайтзер нартай тохиролцоонд хүрсэн талаар Хятадын төв телевиз уламжилсан юм. Улмаар Хятад, АНУ-ын худалдааны маргаан эцэс болж, талууд нийтлэг ойлголтод хүрсэн нь дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд эергээр нөлөөлнө гэж ажиглагчид дүгнэж байна.
ЛЮ ХЭ: ТАЛУУД НИЙТЛЭГ ОЙЛГОЛЦОЛД ХҮРСЭН
Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Хэ Америкт хийсэн айлчлалаа өндөрлүүлж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн Хятад, Америкийн худалдаа эдийн засгийн зөвшилцөл идэвхтэй, ажил хэрэгч, бүтээлч чанартай, амжилттай болж, худалдааны дайн хийхгүй бөгөөд харилцан гаалийн татвар нэмж хураахаа зогсооно гэсэн нийтлэг ойлголцолд хүрсэн. Хятад, Америкийн тал эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эм эмчилгээ, дээд технологийн бүтээгдэхүүн, банк санхүү зэрэг салбар дахь худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно. Энэ нь Хятад улсын эдийн засаг улам чансаатай хөгжихийг ахиулах төдийгүй ард иргэдийн эрэлт хэрэгцээг хангана. Америкийн тал худалдааны алдагдлаа багасгахад ч анхаарч хэн хэндээ ашигтай сонголт хийлээ. Хятад улс бол дэлхийн хамгийн том зах зээл. Хятадын зах зээлд өрсөлдөөн их бий. Манай улсын зах зээлд хувь эзлэхэд экспортлогч орон өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадлаа дээшлүүлж, Хятадын иргэдийн худалдан авах сонирхлыг татах шаардлагатай. Хятад улс Америкаас бараа бүтээгдэхүүн худалдан авахад бэлэн байгаа төдийгүй дэлхийн газар бүхнээс худалдан авахад ч бэлэн байна. Энэ удаа хоёр тал нийтлэг ойлголцолд хүрэх нь зайлшгүй боловч хоёр орны худалдаа эдийн засгийн олон жилийн харилцаанд оршиж байгаа бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардагдана” гэжээ.
Д.ТРАМП: БНХАУ-ЫГ БУРУУТГАХГҮЙ
Уулзалтын үеэр Цагаан ордны тэргүүн “Шударга бус худалдааны хэлэлцээрийн үр дүнд БНХАУ-ын тал олон жилийн турш АНУ-ыг хохироож ирсэн. Хэдий тийм боловч үүнд БНХАУ-ыг буруутгахгүй байна. Өнгөрсөн хугацаанд АНУ-ыг удирдаж байсан хүмүүс буруутай. Бид шударга бус худалдааны золиос болсоор ирсэн” хэмээжээ. Лю Хэтэй уулзахаасаа өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хоёр улсын худалдааны маргааныг шийдвэрлэх хэлэлцээр хийх үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “Эргэлзэж байна” гэж хариулсан юм. Мөн өнгөрсөн хугацаанд БНХАУ АНУ-ын худалдаанд сөргөөр нөлөөлж ирснийг Дональд Трамп мэдэгджээ. Тухайлбал, өнгөрсөн онд АНУ-ын гадаад худалдааны тэнцэл 800 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан байна. Үүнээс 500 тэрбум ам.доллар нь БНХАУ- тай хийсэн худалдааны алдагдал байсан аж. Үүний зэрэгцээ АНУ- ын хоригоос шалтгаалж Герман, ОХУ-ын хооронд барьж байгаа хийн хоолойн угсралтын ажил саатаж магадгүй байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Байгалийн хийн хоолойг Балтийн тэнгисийн ёроолд барьж байгаа бөгөөд ОХУ энэхүү хоолойгоор дамжуулан Европт нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлтээ хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой болох ажээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)