Ж.Дэлгэрсайхан: Томоохон төслүүдээ хөдөлгөснөөр мөнгөний бодлогын хүү буурна
- 2018-05-23
- Эдийн засаг
- 0
Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвөөс Монголбанкнаас өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт, түүний үр дүнгийн талаар хийсэн судалгааг танилцууллаа. 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлого эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэж байсныг эдийн засагчид онцоллоо. Өнгөрсөн онд мөнгөний бодлогын төлөв сул байсан. Бодит хүү буурсан. Бодлогын хүүг гурван нэгж хувиар бууруулсан. Инфляц өссөн. Төгрөгийн ханш 2016 онд огцом суларч, 2017 оны туршид сул байсан. Цаашдаа төгрөгийн ханш суларч, инфляци өссөнөөр төгрөгийн ханш хэт үнэлэгдэж, ханшаар дамжин мөнгөний бодлогын төлөв, эдийн засгийн өсөлтийг сааруулахаар байгааг судалгаанд онцолжээ. Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Г.Бумчимэг “Мөнгөний бодлого ханш талаасаа эдийн засгийг дэмжих нөлөө үзүүлсэн нь харагдаж байна. Өнгөрсөн оны мөнгөний бодлогыг боловсруулахад эдийн засаг хүндхэн байсан. Мөн өсөлт нэлээд уначихсан үе байв. Улмаар ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн эрсдэл буурахын зэрэгцээ нүүрсний экспорт өссөн нь эдийн засаг тэлэхэд нөлөө үзүүлсэн. Эрсдэл буурснаар Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ бууруулсан. Өнгөрсөн хугацаанд бодит ханш чангарч байна.
2017 онд нэрлэсэн ханш 2.3 хувиар чангарсан. Мөн гадаад валютын урсгал ихэсч байгаа боловч гадаад өр өссөн. 2020 оноос их дүнтэй гадаад төлбөрүүд хүлээгдэж байгаа нь богино хугацаанд ханш чангарах, дунд хугацаанд суларч болох эрсдэлийг харуулж байна. Инфляци эрчимтэй өсч байна. Эдийн засгийн эрсдэл буурч байгаа нь бодлогыг хүүг бууруулах хүлээлт бий болгосон” гэлээ.СЭЗДС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Бодлогын хүүг бууруулж улмаар эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн тулд инфляцийн төвшинг анхаарах шаардлагатай. Харамсалтай нь, манайд инфляци эдийн засгийн сэргэлтээс үл хамааран нэмэгддэг тал бий. Засгийн газрын зүгээс томоохон төслүүдийг хөдөлгөж эдийн засгийн суурийг сайжруулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх алхмыг хийж чадвал Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, эдийн засгаа дэмжих орон зай бий болно гэж харж байна” гэв. Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Өнгөрсөн оны эцсээс валютын ханш 20-иод төгрөгөөр чангарсан. 2016 оны арванхоёрдугаар сараас бодлогын хүүг тодорхой хувиар буулгасан. Бодлогын хүүг бууруулахад харгалзан үзсэн гол хүчин зүйл нь инфляцийн төлөв байдал. Цаашид мөнгөний бодлогын хүү буурах эсэх нь мөн л инфляцийн түвшин, төлбөрийн тэнцэл, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдана. УИХ-аас томилсон Мөнгөний бодлогын хороо ирэх зургаадугаар сарын 15-нд анхны хурлаа хийнэ. Үүнтэй холбогдуулан Мөнгөний бодлогын газар эдийн засгийн төсөөллөө шинэчлэх ажил хийж байна. Мөнгөний бодлогын хүү 10 хувьтай байгаа нь маш доогуур төвшин юм. Эдийн засгийн төлөв байдал, идэвхжилийг илтгэдэг хамгийн сайн үзүүлэлт нь инфляци гэж үздэг. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хэт хурдтай буюу ялангуяа эрэлтийн өндөр идэвхжилийг нийлүүлэлтийн тал хангаж чадахгүй байх нь эдийн засгийн халалтыг бий болгодог. Халалт бий болсон нь инфляцийн өсөлтөөр илэрдэг. Тиймээс бодлогын хүү инфляцын ирээдүйн төвшинтэй уялддаг” гэсэн юм.
Б.МӨНХ
Сэтгэгдэл (0)