АНУ Тегеранд 12 заалт бүхий шаардлага хүргүүллээ

 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ираны эрх баригчид бодлогоо өөрчлөхгүй бол тус улсын эсрэг хоригоо чангатгахаа мэдэгдлээ. Тэрбээр АНУ-ын зөвлөхүүдийн уламжлалт уулзалтын үеэр илтгэл тавьсан ба Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрээс АНУ гарсны дараа хэрэгжүүлэх бодлогоо танилцуулжээ. Вашингтоны зүгээс төлөвлөж байсныхаа дагуу Ираны эсрэг эдийн засгийн хоригоо хэрэгжүүлэхээр болсон нь ажиглагчдын анхаарлын төвд байна. “Ираны Засгийн газар хүлээн зөвшөөрөх боломжгүй бодлого баримталж байна. Тус улсын эрх баригчид өөрчлөлт хийх хүртэл АНУ-ын зүгээс урьд өмнө нь хэрэгжүүлж байгаагүй санхүүгийн дарамт шахалт үзүүлнэ. Иймд Иранд 12 заалт бүхий шаардлага тавихаар болсон. Энэ бол АНУ-ын Иранд тавьж буй хоригийн эхлэл төдий юм. Хэрвээ Иран өнөөгийн замналаа өөрчлөхгүй бол АНУ цуврал арга хэмжээ авна. Хориг арга хэмжээг бүрэн хэрэгжүүлбэл түүхэн дэх хамгийн харгис хориг болно. Түүнчлэн Ираны хуулийн этгээдүүдтэй бизнес хийсэн холбоотон орны хувь хүн болон аж ахуйн нэгжээс үүрэг хариуцлага нэхэмжилнэ” хэмээн Майк Помпео мэдэгдсэн юм. Цагаан ордны гаргасан шийдвэр, арга хэмжээний дараа Тегераны эрх баригчид улс орныхоо эдийн засгийг хөл дээр нь тогтоож, улс орноо авч үлдэхийн төлөөх тэмцэл өрнүүлэх шаардлагатай тулгарна гэдгийг шинжээчид онцоллоо. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын мэдэгдэлд, Иранд бүхий л дарамт шахалт үзүүлж, цөмийн хөтөлбөрөөс нь түдгэлзүүлэхийн тулд бүс нутаг дахь Америкийн холбоотон улс орнуудтай нягт хамтран ажиллах болно гэдгийг дурдсан байна.

Ийнхүү Тегераны эсрэг авч хэрэгжүүлэх бодлогоо нэвтрүүлснээр Иран цөмийн хөтөлбөрөөрөө айлган сүрдүүлэх тактикаа хэрэгжүүлэх боломжгүй болж, зөвхөн улс орныхоо эдийн засгийг ангалаас аврахын төлөө зүтгэх шаардлагатай болно гэж Вашингтоны эрх баригчид үзэж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх төрийн тэргүүн Барак Обамагийн Иран улстай байгуулсан цөмийн гэрээнээс нэг талт байдлаар гарч, Ираны эсрэг хоригоо бүх талаар сэргээхээ мэдэгдсэн юм. Вашингтоны энэ шийдвэрийг бүс нутаг дахь холбоотон болох Израиль, Саудын Араб тэргүүтэй улс дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Харин олон улсын гэрээнд нэгдэгч талууд болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн ОХУ, Хятад, Их Британи, Франц, Германы тал Тегераны хэлэлцээрийг үргэлжлүүлэн дагаж мөрдөхөө илэрхийлээд байгаа юм. Гэрээнд нэгдсэн орнууд Вашингтоны гаргасан нэг талт шийдвэртэй санал нэгдэхгүй гэдгээ илэрхийлж, Тегерантай байгуулсан гэрээг цаашид хүчин төгөлдөр мөрдөхийн тулд зарим нэг нэмэлт зүйл заалт оруулахыг үгүйсгээгүй байна. Исламын шашинт улс орны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээн, хатуу чанга арга хэмжээ авахаа илэрхийлсэн 12 заалт бүхий шаардлагыг Ираны тал хүлээн авч дагаж мөрдсөн тохиолдолд АНУ эдийн засгийн шинэ хориг арга хэмжээгээ цуцлах аж. Эдгээр шаардлагад Ираны тал Сириэс цэргээ татах, Йемен дэх босогчдын бүлгийг дэмжихээ зогсоох, Тегеран цөмийн хөтөлбөртэй холбоотой үйл ажиллагааны тайлангаа бүрэн эхээр нь нийтлэх, Израиль, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг хөрш зэргэлдээх улсынхаа эсрэг дайсагнасан бодлого баримтлахаас татгалзах, Иранд хоригдож буй Америкийн болоод холбоотон улс орнуудын иргэдийг суллах зэрэг нөхцөл багтжээ. Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф Вашингтоны мэдэгдлийн хариуд “Аливаа улсын эсрэг хориг арга хэмжээ авахаар сүрдүүлэн өөрийн талд оруулан буулган авдаг АНУ-ын арга барил хоцрогдсон. Хэрвээ АНУ хуучирсан аргаар бусад улс орныг өмнөө сөхрүүлнэ гэж тооцож байгаа бол эндүүрч байна. Ираны цөмийн хөтөлбөрийн дагуух олон улсын гэрээнд нэгдсэн таван улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, гэрээнээс татгалзсан АНУ-ын оролцоогүйгээр яриа хэлэлцээр зохион байгуулна” хэмээн мэдэгджээ. АНУ-ын тал Ираны эсрэг эдийн засгийн хоригоо чангатгавал зөвхөн Иран төдийгүй мөн энэ улстай эдийн засгийн гэрээ байгуулсан улс орнуудын эрх ашиг ч хөндөгдөх аж.

Тухайлбал, Францын эрчим хүчний “Тотал” компани Иран улстай хийн орд газар хамтран эзэмших таван тэрбум ам.долларын төсөл, Норвегийн “Сага энержи” компанийн нарны эрчим хүчний станц байгуулах гурван тэрбум ам.долларын гэрээ, “Айрбус” компанийн 100 нисэх онгоц Иранд нийлүүлэх төлөвлөгөөг эргэн харах шаардлагатай болж байна. Тиймээс Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүйн бодлогын дарга Федерика Могерини АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн илтгэлийг шүүмжилж, Европын холбооны байр суурийг илэрхийллээ. “Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэх заналхийлэлд өртөхгүй байх талаар Помпео илтгэлдээ дурдаагүй. Хэлэлцээрээс гарсны дараа Ираны үйл ажиллагаанд улам эергээр нөлөөлөх талаар АНУ ямар ч тодорхойлолт хийгээгүй. Тегераны цөмийн хэлэлцээрийг нэг талын байр сууринаас дүгнэх нь дутагдалтай. Ираны асуудлаарх байр сууриа Европын холбоо цаашид ч баримталж, хэлэлцээрийг үргэлжлүүлнэ” хэмээн Федерика Могерини мэдэгдэлдээ дурджээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)