Н.Мадуро: АНУ-ын Элчин сайдын яамыг татан буулгана

Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд социалист удирдагч гэгддэг Николас Мадуро ялалт байгуулсныг буруушааж АНУ-ын зүгээс банк санхүүгийн хориг арга хэмжээгээ эрчимжүүлэхээр болжээ. “Энэ нь олон улсын хуулийг зөрчсөн үйл ажиллагаа бөгөөд улс үндэстний биеэ даан хөгжих эрхийг боомилсон үйлдэл” гэж Венесуэлийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ. Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро Каракас дахь АНУ- ын Элчин сайдын яамны ажилтнуудыг "тааламжгүй хүмүүс" хэмээгээд, 48 цагийн дотор Венесуэлийн нутгаас гарахыг шаардсан байна. Н.Мадуро телевизээр хэлсэн үгэндээ “АНУ-ын Засгийн газар Венесуэлийн эсрэг дайралт хийж буйг хатуу шүүмжилж, Венесуэлийн бүрэн эрх, нэр хүндийг хамгаалахын төлөө би ийм шийдвэр гаргалаа” гэжээ. Мөн Венесуэльд энэ сарын 20-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад итгэх боломж олгох олон улсын стандартад нийцсэнгүй гэж Европын холбоо мэдэгджээ. “Ройтерс” агентлагийн мэдээлж буйгаар, Европын холбоо улс төрийн бүх оргодлыг суллахыг Венесуэлийн эрх баригчдад уриалахын сацуу тус улсын эрх баригчдад зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжийг авч хэлэлцэх тухайгаа эргэн сануулжээ. Николас Мадуро Венесуэлийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоноор тус улсыг дахин зургаан жил удирдахаар болсон.

Тус улсын Үндэсний сонгуулийн зөвлөлөөс мэдээлснээр, Н.Мадурод 6.2 сая хүн саналаа өгсөн бол түүний өрсөлдөгч, сөрөг хүчнээс нэр дэвшигч Энри Фалькон 1.9 сая хүний санал авсан байна. Санал өгөх эрхтэй 20.5 сая хүний 46 хувь нь сонгуульд оролцжээ. Сонгуулийн дүнг зарлахын өмнө Э.Фалькон мэдэгдэл хийж, “Бид энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Булхайтай сонгууль болж байна. Дахин сонгууль хийх хэрэгтэй” гэсэн юм. Энэ удаагийн сонгуульд дээрх хоёр нэр дэвшигчээс гадна инженер Рейнальдо Кихада, сүмийн пастор Хавьер Бертуччи нар өрсөлджээ. Сонгуулийн санал хураалт болохоос өмнө Н.Мадурог эсэргүүцэгчид сонгуулийг хугацаанаас нь өмнө зохион байгуулахаар шийдвэрлэснийг эрс буруушааж байсан юм. Гэвч сөрөг хүчний удирдагчдын нэг Фалькон нэр дэвшсэнээр иргэдийн дургүйцэл түр хугацаанд намжаад байв. Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгууль улс орны эдийн засгийн байдал хүндхэн цаг үед болсноороо онцлогтой. Олон улсын валютын сангийн танилцуулсан тайлан илтгэлд тус улсын эдийн засаг энэ онд 15 хувиар буурч, инфляцийн төвшин 13 мянган хувьд хүрснийг тэмдэглэсэн билээ. Энэ сард тус улсын хар зах дээр ам.долларын ханш 700 мянган боливараас давсан байна. Гэвч Ерөнхийлөгч Мадуро улс орон энэ сарын 20-ноос хойш өсөлт, хөгжил дэвшлийн замдаа орж эхлэхийг амласан. Харин өнөөдөр улс орны өмнө тулгамдаж байгаа бүх хүндрэл асуудалд АНУ тэргүүтэй Колумбийн нутаг дэвсгэр дэх эдийн засгийн мафийнхан буруутай хэмээн баталж байгаагаа илэрхийлдэг юм.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)