Төгрөгийн сэргэлт Монгол Улсын эдийн засаг сайжирсныг илтгэж байна

Монголбанкны удирдлагууд өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг тоймлон хүргэе.

Д.ГАН-ОЧИР: ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨССӨН НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ САЙЖИРЧ БАЙГААГИЙН ИЛРЭЛ Тус банкнаас орон сууцны зээл олголт хэвийн явж буйг онцоллоо. Өнгөрсөн сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөг байна. Үүний 1.9 хувийг чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн нь 2.3 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онуудад чанаргүй зээл өсөх хандлагатай байсан ч эдийн засаг сайжирснаар 2017 оны аравдугаар сараас хойш ипотекийн зээлийн чанар тогтворжиж эхэлжээ. Ялангуяа хугацаа хэтэрсэн зээл илт буурсан байна. Орон нутгаар авч үзвэл, хамгийн их чанаргүй зээлтэй аймгаар Увс аймаг тодорсон бол Дундговь аймагт хамгийн бага үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн сард 50.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гаргасан байна. Үүний 20.7 тэрбум төгрөг нь найман хувийн зээл бол 20.9 тэрбум төгрөг нь банкуудын эх үүсвэрээр олгогдсон зээл байна. 2016 оны есдүгээр сараас өмнө сард дунджаар 78 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гардаг байсан бол үүнээс хойш 58 орчим тэрбум болж, 32 хувиар буурчээ. Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл буурсан бол банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл өсөн нэмэгдсэн байна. Иргэд Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт голлон байр авч, Баянзүрх, Хан- Уул дүүрэгт ихэнх зээл гарсан байна. Нийслэлд өнгөрсөн сард нийт 44.1 тэрбум төгрөгийн зээл гарсны 30.5 тэрбум төгрөг нь Дээрх хоёр дүүрэгт байршилтай орон сууцыг худалдан авахад зориулжээ. Орон сууцны зээлтэй нийт иргэний тоо 93 мянгад хүрсэн байна. Зөвхөн өнгөрсөн сард л гэхэд 680 иргэн ипотекийн зээл авчээ. Нийт зээлдэгчдийн 40.6 хувь нь 18-25, 35.9 хувь нь 25-35 насныхан байна. Нийт зээлийн 80 орчим хувийг 18-35 насныхан авчээ. Харин орлогоор нь авч үзвэл хоёр сая хүртэлх төгрөгийн орлоготой өрхүүд нийт ипотекийн зээлийн 64.1 хувийг авсан бол гурав хүртэлх сая төгрөгийн орлоготой иргэд зээлийн 85 хувийг авсан байна. 2017 оны аравдугаар сараас орон сууцны үнэ өсчээ. Энэ нь эдийн засгийн өсөлт сайжирч байгаагийн илрэл гэдгийг Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир мэдээллээ.

ТӨГРӨГИЙН ҮНЭ ЦЭНЭ ӨСЧ БАЙНА

Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 16.2 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мөнгөний урсгал 30 хувиар нэмэгджээ. Тэр дундаа нийт хадгаламж 144.5 тэрбум төгрөгөөр өссөний 55 хувийг төгрөгийн хадгаламж эзэлж, ам.долларын хадгаламж буурсан байна. Энэ үзүүлэлт Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ бага ч гэсэн өссөнийг илтгэж байна гэж эдийн засагчид онцоллоо. Манай улсад энэ оны эхний улиралд 574.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Үүний дийлэнх нь уул уурхайн салбарт чиглэжээ. Харин төлбөрийн тэнцэл 42.2 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад багассан дүн гэдгийг Монголбанкнаас тодотголоо. Банкуудын иргэдэд олгосон нийт зээл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 14.4 их наяд төгрөгөөр тоологдож байна. Үүний 8.4 хувийг чанаргүй зээл, 6.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлж байна. Хэдийгээр эдийн засагт дээрх эерэг өөрчлөлтүүд гарсан ч чанаргүй зээлийн энэхүү үзүүлэлт нь банкны хүү богино хугацаанд буурах боломжгүйг харуулж байгаа юм. Нийт зээлийн дийлэнх хувийг цалин, тэтгэврийн болон хэрэглээний зээл эзэлж байгаа ч эдгээр зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ маш бага хувийг эзэлж байна.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)