АНУ Хятадын хөрөнгө оруулалтаас зайлсхийв

Дональд Трампын засаг захиргаа БНХАУ-ын бизнесүүдийн АНУ-д хийх хөрөнгө оруулалтыг хязгаарлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Ялангуяа АНУ-ын технологийн компаниудыг худалдаж авах эрхийг нь хааж, хувь эзэмшлийг нь авахыг хориглох хуулийн төслийг яаралтай хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэхээр болжээ. Үүнээс өмнө Ши Жиньпиний эдийн засгийн ахлах зөвлөх Лю Хэ Вашингтонд айлчилж АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны маргааныг намжаах анхан шатны хэлцлүүдийг хийж чадсан юм. Үүний зэрэгцээ БНХАУ-ын талд хязгаарлалт тавих өөр асуудлуудыг хөндөж эхэлсэн нь олон улсын шинжээчдийн анхаарлыг татаж байна. БНХАУ-ын Засгийн газар маргаанаа яриа хэлэлцээрээр шийдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр ирсэн юм.

Гэхдээ тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч хоёр улсын хоорондын худалдаа жил ирэх бүр нэмэгдэж байгаа тул цаашид ч худалдааны маргаан гарсаар байхыг үгүйсгэхгүй гэж мэдэгджээ. Хятадын шадар сайд Лю Хэ “Цаашид ч АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны маргаан гарахыг үгүйсгэхгүй. Хэдий тийм боловч хоёр улсын Засгийн газар иргэдийнхээ эрх ашигт нийцсэн шийдвэрүүд гаргахын тулд харилцан ойлголцолтой байж, өөр хоорондын ялгаатай байдлаа хойш тавина гэж найдаж байна. Мөн дэлхий даяаршиж байгаагийн хэрээр олон улсын худалдааны хууль дүрэм худалдааны маргаан гарах эрсдэлийг бууруулна гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдлээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)