Түүхэн уулзалт болох эсэхийг Ким Жон Ун шийднэ
- 2018-05-25
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын Сингапурт хийхээр товлосон уулзалт болохын өмнө АНУ Умард Солонгостой нэмэлт зөвлөлдөх уулзалт хийх хүсэлтэйг эх сурвалжууд мэдээллээ. Хоёр улсын дээд хэмжээний уулзалт болохын өмнө Умард Солонгостой дээд төвшний нэмэлт яриа хэлэлцээр хийх сонирхолтой байгаагийн сацуу Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсооход бэлэн байгаагаа мэдэгдсэнтэй холбогдуулан АНУ-ын засаг захиргаа Ким Жон Унаас баталгаа авахыг хүсчээ. Энэ нь дээд хэмжээний уулзалт хийх нөхцөл болно гэж АНУ-ын эрх баригчид үзэж байна. Ажиглагчдын таамаглаж буйгаар Умард Солонгосын удирдагчтай хийх зөвлөлдөх уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео оролцож магадгүй аж. Умард Солонгосын удирдагчтай ирэх сарын 12-нд Сингапурт уулзах тухайгаа өмнө нь Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах нэг талыг барьсан шаардлагаа үргэлжлүүлсээр байх юм бол АНУ-ын эрх баригчидтай дээд хэмжээний уулзалт хийхийг зөвшөөрөхгүй байж болзошгүй гэж Умард Солонгосын эрх баригчид хожим нь мэдэгдсэн юм.
АНУ болон БНАСАУ-ын удирдагчийн уулзалт ирэх сарын 12-нд Сингапурт болохоор товлогдоод байгаа билээ. “Гэхдээ уулзалт хойшлогдож магадгүй” гэж Дональд Трамп мэдэгдээд байна. Ким Жон Ун, Дональд Трамп нарын уулзалт энхтайвны төлөөх түүхэн уулзалт гэдэг утгаараа олон улсын анхаарлын төвд байгаа юм. Хэдий тийм боловч нөхцөл байдал буруугаар эргэвэл БНАСАУ цөмийн хөтөлбөрөө сэргээж, идэвхжүүлэх эрсдэлтэйг олон улсын ажиглагчид онцолж байна. Түүнчлэн БНАСАУ цөмийн зэвсгээсээ татгалзахгүй бол Ливийн хувь заяаг давтаж магадгүй тухай АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенсийн мэдэгдлийг Умард Солонгосын эрх баригчид эрс буруушаалаа. Умард Солонгосын Гадаад хэргийн орлогч сайд Чве Сон Хийн мэдэгдлийг тус улсын Төв цахилгаан мэдээний агентлаг өчигдөр нийтэлжээ. Мэдэгдэлд “Ливид авч хэрэгжүүлсэн арга хэмжээ БНАСАУ-д давтагдаж болзошгүй хийгээд тус улсын эсрэг цэргийн хүч хэрэглэх хувилбарыг АНУ орхиогүй байгаа тухай болон цөмийн зэвсгээсээ эргэлт буцалтгүй бүрэн ангижрах шаардлагатай талаар АНУ- ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс хоосон хийрхсэн, шазруун мэдэгдэл хийлээ. Америкийн дэд Ерөнхийлөгч тэнэг бөгөөд бүдүүлэг үг хэлсэнд ихээхэн гайхаж буйгаа АНУ-тай харилцах асуудалд хамааралтай хүний хувьд би илэрхийлж байна” гэсэн байна. М.Пенс энэ сарын 22-нд телевизийн “Fox News” сувагт ярилцлага өгөхдөө “Умард Солонгосын эрх баригчид цөмийн зэвсгээсээ татгалзахгүй бол Ливид өрнөж, Каддафийн дэглэмийг унагасан үйл явдалтай адилхан хэрэг явдал БНАСАУ-д гарна” хэмээн мэдэгдсэн юм. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой Вашингтон хотноо өчигдөр уулзжээ.
Энэ үеэр “Умард Солонгос цөмийн туршилтын талбайгаа хааж байгаа нь сайшаалтай. АНУ, БНАСАУ- ын удирдагчдын уулзалт болох эсэх нь Ким Жон Уны шийдвэрээс хамаарна. Тэрбээр уулзах санал тавьсан гэдгийг дурдах хэрэгтэй. Ерөнхийлөгч Дональд Трамп түүний саналыг хүлээн авсан. Уулзалт болно гэж найдаж байна” хэмээн Майк Помпео мэдэгдсэн байна. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “АНУ, БНАСАУ- ын удирдагчдын уулзалтын талаар бид байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энэ уулзалт төлөвлөсний дагуу үр дүнтэй уулзалт болно гэж найдаж байна. Энэ уулзалт ихээхэн үр нөлөөтэй” гэжээ. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой хийсэн уулзалтынхаа үеэр Ван И “АНУ, БНХАУ худалдааны асуудлаар яриа хэлэлцээр эрчимтэй хийж байгаа. Яриа хэлэлцээр үр дүнтэй, ахицтай байгаа. Хоёр тал аль болох худалдааны таатай нөхцөлөө цөөлөх биш нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж бодож байна” хэмээн онцолжээ.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)