Хар далайн цаст оргил "Фишт"

Сочийн өвлийн олимпын нээлт, хаалтын ёслол болсон “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн дөрөв, шөвгийн 16 болон шөвгийн наймын тоглолт болно. Эдгээрээс “Иберийн хойгийн тулаан” хэмээн хөлбөмбөг сонирхогчдын нэрлээд буй Португаль Испанийн шигшээ багийн тоглолт ирэх сарын 15- нд “Фишт” цэнгэлдэхийн ногоон зүлгэнээ болно. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнг 2007 оноос барьж эхэлсэн бөгөөд Кавказын нурууны Фишт оргилын нэрээр нэрлэжээ. Кавказын адыгей үндэстний хэлээр Фишт гэдэг нь Цагаан толгод гэсэн утгатай үг юм байна. Цэнгэлдэх хүрээлэн 44 мянган хүний багтаамжтай бөгөөд Сочийн олимпын тосгонд байрладаг. “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд сууж байгаа үзэгчид Имеретинская толгод, Кавказын нурууг харахад зориулж, оройг нь хоёр салангид бүтээжээ.

Цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг АНУ-ын “Популоус” компани гаргасан ба Их Британийн дэлхийд тэргүүлэгч “Бюро Хапполд” компани барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ. Энэхүү төсөл 787 сая ам.долларын өртгөөр бүтсэн ба цэнгэлдэх хүрээлэнг 2013 онд Оросын талд хүлээлгэн өгчээ. АНУ- ын “Популоус” компани нь Лондон хотын “Уэмбли”, “Эмирайтс”, “Уимблдон”, Австралийн “ANZ” АНУ-ын Нью-Йорк хотын “Янки”, Майами хотын “Сан Лайф”, Чикаго хотын “Юнайтед центр” зэрэг цэнгэлдэх хүрээлэн, спортын ордныг барьсан туршлагатай архитектурын товчоо юм. Төслийг гүйцэтгэгчдийн ярьснаар “Фишт” бол спортын цэнгэлдэх хүрээлэн төдийгүй дэлхийн хэмжээний соёл, урлагийн арга хэмжээнүүдийг зохион явуулах бүрэн боломжтой байгууламж юм. Цаст уулын оройг санагдуулам “Фишт”-ийн дээврийг спортоос гадна урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах бололцоог харгалзан барьжээ. Дээврийн хэсэгт гэрэлтүүлгийн болон салют, хурц гэрлийн зориулалтын туслах талбайг нарны туяаг маш сайн нэвтрүүлдэг, чанартай, зэвэрдэггүй материалаар хийсэн нь Европт шинэ стандарт тогтоосон юм. Энэхүү хучилтын ачаар “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд гэрэлтүүлэг, сэнс болон халаалтад маш бага эрчим хүч зарцуулдаг байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтан “Фишт” цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоог нэмсэн ба хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан мянга гаруй суудал байрлуулжээ. Дашрамд өгүүлэхэд “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд Санкт- Петербург хотын Марийнский театрын уран бүтээлчид жилд хоёр удаа дэлхийн сонгодог дуурийн тоглолт зохион байгуулдаг аж.

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)