Ши Жиньпин В.Путинтэй стратегийн гэрээ байгуулна

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын дээд хэмжээний XVIII хурал Хятадын Чиндао хотод ирэх сарын 9, 10-нд болно. Энэ удаагийн хуралд ШХАБ-ын гишүүн найм, ажиглагч дөрвөн орны төр, засгийн тэргүүн, олон улсын холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцох аж. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И “Энэ удаагийн хурал бол ШХАБ-ын гишүүний өргөтгөл хийсний дараах төрийн тэргүүн нарын зөвлөлийн анхны хурал юм. Хурлыг Хятад улсын дарга Ши Жиньпин даргална. Энэ хугацаанд талууд харилцан итгэлцэл, харилцан ашигтай, эрх тэгш, зөвшилцөх, олон талт соёл иргэншлийг харилцан хүндэтгэх, хамтдаа хөгжихийг эрэлхийлэхээр гол болгосон Шанхайн үзэл санааг үргэлжлүүлэн хөгжүүлж, түүхийн шинэ боломж нөхцөлд аюулгүйн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хөгжлийн стратегийн холболтоо нэмэгдүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа урагшлуулах сэдвээр ярилцана. Мөн ШХАБ-ын ирээдүйн хөгжилд бүх талын зүг чиг, арга зам, тодорхой төлөвлөгөө гаргахаар товлосон. Хурлын дараа талууд “Чиндаогийн тунхаг” бичигт гарын үсэг зурна” хэмээлээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани, Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков, Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нар Чиндаогийн чуулганд оролцох юм байна.

“БНХАУ-ын дарга Ши Жинпинь болон ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид хамтарсан мэдэгдэл болон хамтын ажиллагааны тухай 10 орчим баримт бичигт гарын үсэг зурна” гэж эх сурвалжид мэдээллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний БНХАУ-д ирэх сард хийхээр товлосон төрийн айлчлал нь Хятад болон Орос улсын харилцааг хөгжүүлэх түлхэц үзүүлэх бөгөөд айлчлалын үеэр талууд чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурах аж. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн сайдын туслах Жан Ханьхуэй өнөөдөр мэдэгджээ. “Ирэх сард хийх төрийн айлчлал нь В.Путиний төрийн тэргүүний албан тушаалдаа орсноос хойшхи Хятад улсад хийх анхны айлчлал болох юм. Түүнчлэн хоёр улсын удирдагчдын энэ жил хийж буй анхны уулзалт болно” гэжээ. Чиндаогийн уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин, Оросын төрийн тэргүүн В.Путин нар стратегийн чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурж магадгүй гэнэ. Кремлийн тэргүүн В.Путин Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоныхоо дараах анхны гадаад айлчлалаа Гарын үсэг зурахаар төлөвлөсөн баримт бичгүүдийн дотор урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцаа болон ойрын арван жилийн хамтын ажиллагааны тухай гэрээний заалтыг хэрэгжүүлэх хөтөлбөр хийгээд аюулгүй байдлыг хангах салбарт хамтран ажиллах хөтөлбөр багтаж байгаа ажээ. Төрийн айлчлалын хүрээнд багтсан албан ёсны хөтөлбөрөөс гадна хоёр улсын удирдагчид соёлын арга хэмжээнүүдэд оролцох юм байна. Хятадын Гадаад хэргийн яамны нийтэлсэн мэдээнээс үзвэл, хоёр улсын төрийн тэргүүн нар хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, зарчмыг тодорхойлох юм байна. Түүнчлэн хоёр улсын Засгийн газрын төлөөлөл хамтын ажиллагааны хэд хэдэн чухал гэрээнд гарын үсэг зурах ажээ. Чиндаогийн уулзалтын үеэр албан ёсны хөтөлбөрөөс гадна соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)