АНУ-ын төлөөлөгчид Пхеньян, Сингапурыг зорив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгостой харилцах харилцаан дээрээ эргэж буцсан, тогтворгүй шийдвэр гаргасан ч ирэх сард Сингапурт болох уулзалт товлосон хугацаандаа болохыг талууд үгүйсгэхгүй байна. АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх Вашингтоны талын ажлын хэсэг Пхеньянд хүрэлцэн очжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, талууд хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцсан байна. АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, АНУ болон Умард Солонгосын төлөөлөгчид Солонгосын хойгийн зэвсэггүй бүсэд уулзсан аж. “Вашингтон пост” сонины мэдээлж буйгаар, АНУ-ын төлөөлөгчдийн багийг Вашингтонд БНСУ-ын Элчин сайдаар сууж байсан Ким Сун ахалжээ. Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, уулзалт амжилттай болсон байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Пханмунжом тосгоны Умард Солонгосын бүсэд уулзсан билээ. Энэ удаад ч мөн Сөүлийн тал Пхеньян-Вашингтоны хоорондын байр суурийг зөөллөж, эдгээр хоёр орны төрийн тэргүүн нарын үл ойлголцсон, өдөөн хатгалцсан үг үйлдлийг намжаасан байна.

БНАСАУ, АНУ-ын удирдагчдын уулзалтын төлөө Мүн Жэ Ин ихээхэн хүчин чармайлт гаргасанд Ким Жон Ун талархал дэвшүүлээд Дональд Трамптай уулзах бодолтой байгаагаа илэрхийллээ. Энэхүү уулзалтад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нэгдэж магадгүй байгаа тухай Хөх ордноос мэдэгджээ. Мөн Хөх ордны тэргүүн Пхеньяны талтай цэргийн асуудлаар тохиролцоонд хүрэхийг хичээж байна. БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Цой Хен Су “Ирэх сарын 1-нд болох БНСУ, БНАСАУ- ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Пхеньяны талтай цэргийн асуудлаар тохиролцоонд хүрэхийг хичээх болно” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн АНУ болон БНАСАУ- ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх Америкийн засаг захиргааны баг Сингапурыг зорьсон талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдээлжээ. Тэрбээр сэтгүүлчдэд хандан “Цагаан ордны төлөөлөгчдийн төлөвлөгөө ёсоор Сингапурт очиж дээд хэмжээний уулзалт болох газрыг бэлтгэнэ” гэсэн байна. “Politico” сэтгүүлд мэдээлсэнчлэн Цагаан ордон болон Төрийн департаментын 30 орчим төлөөлөгч Сингапурыг зорьсон байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)