М.Помпео: Ираны эрх баригчидтай тохиролцоонд хүрэх болно

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Америкийн дуу хоолой” радиод ярилцлага өгчээ. Тэрбээр Ираны асуудлаар голлон ярьсан байна.

-Та Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсоныхоо дараахан Ираны асуудлаар өргөн хүрээний мэдэгдэл хийсэн. Яагаад Ираны асуудлаар үүрэгт ажлаа эхэлсэн юм бэ?

-Ерөнхийлөгчийн засаг захиргаа Ойрхи Дорнодын тогтвортой байдалд ноцтой аюул заналхийлж байгаа учир шалтгааныг тогтоохыг эрмэлзэж байна. Энэ шалтгаан АНУ-ын Үндэсний аюулгүй байдалд давхар нөлөөлдөг гэдгийг дурдах хэрэгтэй. Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны нөхцөл байдлыг АНУ өөрчилж чадна гэдэгт итгэдэг. Өмнөх засаг захиргааны хийсэн хэлэлцээр нь Ойрхи Дорнодын тогтвортой байдал болон Ираны ард түмэн, АНУ-ын ашиг сонирхолд нийцээгүй. Тиймээс одоогийн засаг захиргааны нэн тэргүүний сэдэв болох Ираны асуудлыг би ажлынхаа эхэнд тавьсан юм.

-Одоогийн засаг захиргааны Ираны талаар хэрэгжүүлэх бодлого Б.Обамагийн үед байгуулсан гэрээнээс хэр ялгаатай вэ?

-Цар хүрээ болон зорилгын хувьд асар ялгаатай. Анхны гэрээ тийм ч өргөн цар хүрээг хамруулаагүй. Обамагийн засаг захиргаа Ираны дэглэм цөмийн хөтөлбөртөө асар их хэмжээний мөнгө зарцуулдгийг олон улсад таниулахыг оролдсон. Хэдийгээр Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохыг хүссэн ч дорвитой бодлого явуулаагүй. Ираны аюул заналхийлэл их байна. Тэд исламын орнууд руу пуужин хөөргөж, хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг. Энэ бүхэн Ерөнхийлөгч Д.Трампын санааг зовоодог бөгөөд бид өөрсдийн үзэл баримтлалыг тодорхойлохыг шаардаж байна. Бидний тулгаж буй 12 зүйлт шаардлага ч үүнд чиглэсэн. Бид Ираны эрх баригчдаас олон юм шаардаагүй. Сири, Йемен, Ливан, Ирак зэрэг улс оронд терроризмыг санхүүжүүлэхгүй байх, ард түмнийхээ эрх ашгийг хамгаал гэсэн энгийн зүйл хүссэн.

-Ираны талыг бусад улс орны харилцаанд хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг шаардсан нь аюулгүй байдлын дэд бүтцийн шинэчлэлийн нэг хэсэг үү?

-Тийм ээ. Ираны зүгээс бусад улсыг террорист үйл ажиллагаандаа татан оролцуулахгүй байхыг бид шаарддаг. Энэ нь Ойрхи Дорнодын аюулгүй байдлын үзэл бодлоос үл хамааран тус улсын хувьд сөрөг үр дагавар авчирдаг. Бидний зорилго бол Иранд хэвийн улстай адил нөхцөлийг бий болгох явдал юм. АНУ-ын тал дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа Ираны тагнуулуудыг, Хезболлах бүлгийн гишүүдийг мөрдөж, үйл ажиллагааг нь таслан зогсоох арга хэмжээ авна гэдгийг амлая. Ингэснээр Иран улс дахин хэзээ ч Ойрхи Дорнодын бүс нутагт дураараа авирлаж чадахгүй болно

- Хүний эрхийн асуудлаар ярилцъя. Боломжтой бол бид аюулгүй байдлын хүрээнд стратегийн яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэх үү. Ираны цэргийн байгууламжуудыг хянан шалгах нь стратегийн зорилго уу?

-Иран дахь цөмийн материалыг ашиглах тухайд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт улсын хувьд цөмийн түлш, уран баяжуулах, плутонийн баяжуулах обьектыг байгуулах нь зохимжтой гэж үздэггүй. Хэрвээ эдгээр улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг дагавал Иранаас цөмийн материал худалдан авах ёсгүй. Олон улсын гэрээг хэрэгжүүлэхийн тулд Ираны цэргийн байгууламж, судалгааны лаборатори, цөмийн хөтөлбөрийн өмнөх хувилбаруудад хамрагдсан бүх тоног төхөөрөмжид хяналт шалгалт тавих шаардлагатай.

-Иранд Засгийн газрынхаа эсрэг үйл ажиллагааг эрчимтэй явуулж байна. Энэ талаар таны санал бодлыг сонсохыг хүсч байна. Тэгэхээр Жон Болтоны хэлснээр засаг захиргаагаа эсэргүүцсэн иранчуудын жагсаалын гол зорилго нь Тегераны дэглэмийг өөрчлөхөд чиглэсэн үү?

-Бид тэдэнд ёс суртахууны дэмжлэг үзүүлж чадна. Ираны ард түмэн улсынхаа төлөө шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж би боддог. Эсэргүүцлийн хөдөлгөөн олон сар үргэлжилж байна. Ард түмний эсэргүүцэл дэглэмийг өөрчлөхөд чиглээгүй гэдгийг дурдах хэрэгтэй. Энэ хөдөлгөөний зорилго нь Ираны эрх баригчдын бодлогыг өөрчлөхөд оршино.

-АНУ, Европ дахь сөрөг хүчний бүлгүүдийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Та тэдний хүчин чармайлтыг дэмждэг үү?

-Тэд зорилгодоо хүрэхийн төлөө хичээх ёстой. Хамгийн гол нь тэд зорилгодоо хүрэх явдал юм. Тэд дэглэмийн өөрчлөлтийг эрэлхийлээсэй гэж хүсэхгүй байна.

-Та хоёр жилийн өмнө Конгрессын гишүүн болохдоо Тегеранд айлчилж, Ираны удирдагч аятолла Хаменеи, Зариф нартай уулзах хүсэлт гаргасан. Мөн Тегеранд барьцаанд байгаа АНУ-ын иргэдийг суллуулахыг уриалсан. Тегеранд 11 жил хоригдож буй Боб Левинсоны талаар юу хэлэх вэ. Төрийн нарийн бичгийн даргын хувиар Ираны удирдагчид уулзаж, АНУ-ын иргэдийг суллуулахыг шаардах уу?

-Би ноён Левинсоны түүхийг сайн мэднэ. Тэр гэртээ эргэж очих боломжтой. Манай ажилтнууд барьцааны иргэдийн асуудлаар Тегерантай зөвшилцөх асуудлыг өдөр тутмын ажлын хөтөлбөртөө багтаасан. Ираны эрх баригчид болох ноён Роухани, ноён Зариф, аятолла нартай тохиролцоонд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Умард Солонгост барьцаанд байсан манай улсын иргэд суллагдсан шиг Тегеранд байгаа иргэд эх орондоо хөл тавих өдөр ирнэ.

-Ираны хэсэг ард түмэн “Америкт үхэл”, “Израилийн үхэл” гэсэн уриалга гаргаж Вашингтоны бодлогыг эрс шүүмжлэх болсон. Та Иран, АНУ-ын хэлэлцээрийг байгуулахаас өмнө үүнийг зогсоох шаардлагагүй гэж та боддог уу?

-Манай улсын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулдаг хүмүүс “Америкт үхэл” эсвэл “Израилийн үхэл” гэсэн уриалгыг гаргасан. Ираны эрх баригчид үүнийг зогсоох ёстой. Гэхдээ энэ уриа лоозонгоос бид айхгүй. Учир нь иранчуудын олонх нь АНУ-ын бодлого, төлөвлөгөөг дэмждэг. Ерөнхийлөгч Роухани, Гадаад хэргийн сайд Зариф нар бол иранчуудын сонгосон удирдагчид. Ираны ард түмний эдийн засгийн хүнд байдлын хариуцлагыг тэд нар үүрэхгүй гэж үү. Иранчууд илүү сайхан амьдрах эрхтэй гэдэгт АНУ итгэж байна.

Х. Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)