К.Лагард: Улс төрийн үндсэн асуудал, хоригийн талаар ОУВС дүгнэлт хийх боломжгүй
- 2018-06-02
- Дэлхий
- 0
Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард Санкт-Петербургийн эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан билээ. Тэрбээр энэхүү уулзалт болон дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ТАСС агентлагт ярилцлага өгчээ. Түүний ТАСС агентлагийн гүйцэтгэх захирал Михаил Гусмантай хийсэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.
-Та Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалтынхаа сэтгэгдлээс хуваалцана уу. Та хоёр ямар сэдвээр голлон ярилцав?
-Бид дэлхийн болон ОХУ-ын эдийн засгийн байдлын талаар ярилцсан. Миний хувьд уулзалт маш үр дүнтэй боллоо гэж бодож байна. Бид Оросын эдийн засгийн жилийн тайлантай танилцаж, Ерөнхийлөгч В.Путинээс сэдвийн хүрээнд шинэчлэлийн төлөвлөгөөнийх нь талаар сонслоо. Ерөнхийлөгч В.Путиний хамгийн сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч танилцдаг хичээнгүй зан надад таалагддаг. Би ОУВС-гийн нэрийн өмнөөс ОХУ-ын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Макро эдийн засгийн үүднээс авч үзвэл, ОХУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүд сайн байна. ОХУ-ын Засгийн газар нэгдмэл хөгжлийг дэмждэг мөнгөний тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх зорилготой байгаа. Түүнчлэн бид хөдөлмөрийн насны хүн амд шаардлагатай эдийн засгийн чиглэлийн тухай хэлэлцсэн. Оросын эдийн засагт гаднын зарим хүчин зүйл эергээр нөлөөлж байна. Тухайлбал, газрын тосны үнийн өсөлтийг Оросын төсөвт оруулж тооцоолох хэрэгтэй. Олон улсын зах зээлд нэг баррель газрын тосны ханш 40 ам.долларт хүрсэн. Төсвийн орлого хүнд хэн байгаа үед энэ нь нэг талаар боломж юм.
-Ерөнхийлөгч В.Путин саяхан баталсан тогтоолдоо ОХУ дараагийн зургаан жилд эдийн засгийн байдлаараа тэргүүлж буй таван том гүрний нэг болно. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Орос улс хувьцаа эзэмшигчдийн хувьд топ аравт багтдаг. Зорилго тавих, зоригтой алхам хийх нь үргэлж сайн нөлөө авчирдаг. Ерөнхийлөгч В.Путин зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ биднээс эдийн засагт түлхэц үзүүлэхийг хүсвэл дуртайяа зөвшөөрнө. Маркетингийн талаас авч үзвэл их тавын бүрэлдэхүүнд багтахад зургаагаас олон жил шаардлагатай. Миний тооцоолж буйгаар энэ хугацаанд Орос эдийн засгийн гол зургаан орны нэг болох боломжтой. Гэхдээ Ерөнхийлөгч В.Путин хэрхэн төлөвлөснөөс бүх зүйл шалтгаална.
-Хоригийн талаар ярилцъя. ОХУ, Иран, Венесуэлийн эсрэг авч буй хориг арга хэмжээ хууль дүрмийг хэр хангасан байдаг юм бол?
-Улс төрийн үндсэн асуудал, хориг арга хэмжээний талаар ОУВС-гийн зүгээс дүгнэлт хийх боломжгүй. Эдгээр хоригийн шалтгаан нь арга хэмжээг боловсруулсан улсуудын аюулгүй байдалтай холбоотой байх. Харин би тэдгээр орны эдийн засгийн үр дагаврыг үнэлж, ноцтой эсвэл хоёрдогч хориг байгаа эсэхийг тодорхойлох боломжтой. Эдгээр нь ерөнхийдөө ач холбогдолгүй бөгөөд ДНБ-ий 0.2 эсвэл 0.3 хувийн өөрчлөлттэй холбоотой.
-Дэлхийн улс төрийн нөхцөл байдал маш тогтворгүй байна. Улс төрийн үймээн АНУ, Умард Солонгос зэрэг улсаас улбаатай. Энэ байдал дэлхийн эдийн засаг болон ОУВС-гийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Энэ тогтворгүй байдлын улмаас санхүүгийн хямрал үүсэх магадлалтай. Бид эдийн засаг, санхүүгийн тоглогчдын зохицуулалт, хяналтыг бэхжүүлэх банкны салбарын үнэлгээг сайжруулах, боловсронгуй болгохын тулд сүүлийн арав гаруй жил хичээнгүйлэн ажиллалаа. Миний тооцоолсноор, 120 гаруй оронд үр дүнтэй хөрөнгө оруулалт хийсний хүчинд дэлхийн эдийн засаг 3.9 хувийн өсөлттэй гарсан. Гэхдээ би чиний дурдсан нөхцөл байдлын талаар санаа зовниж байна. Улс төрийн хямралыг эдийн засгийн ландшафтад нүүрлэсэн том хар үүл гэж нэрлэж болно.
-Шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд ОХУ болон бусад улс орон ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
-Хэрвээ эдийн засгийн өсөлт цаашид үргэлжилбэл, үйлдвэрлэлийн хямралаас салбал эдийн засаг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ гэсэн үг. Цалингийн хэмжээ нэмэгдэж байгаа нь мөнгөний бодлогыг чангаруулж, хүүгийн төвшинг өсгөж, санхүүжилтийн өртгийг нэмэгдүүлэх болно. Тиймээс “Хөнгөн мөнгөний үе” төгсгөл болсон. Тэдний чадвараас шалтгаалан бага хүүтэй зээл авсан хүмүүс зөв шийдвэр гаргасан байж болох юм.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)