Д.Трамп, Ким Жон Уны уулзалт Сингапурт болно

 Умард Солонгосын албаны хүмүүс АНУ, Сингапур улсад айлчилж байгаа талаар эх сурвалжууд онцолж байна. Умард Солонгосын тагнуулын газрын дарга асан, Хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга Ким Ён Чол Бээжингийн нисэх буудлаас АНУ-ын Нью-Йорк хотыг зорьсон талаар Өмнөд Солонгосын “Рёнхап” агентлаг мэдээллээ. Тэрбээр энэ сарын эхээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой Пхеньянд хэлэлцээр хийсэн билээ. Зарим ажиглагчийн мэдээлснээр, хар жагсаалтад орсон Ким Ён Чол АНУ-д нэвтрэх эрхгүй аж. Умард Солонгосын цөмийн болон пуужингийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотойгоор түүнийг АНУ-ын засаг захиргаа 2010 онд, Өмнөд Солонгосын тал 2016 онд хар жагсаалтад оруулж байв. Харин энэ удаа АНУ-ыг зорьсон нь Вашингтон түүнд онцгойлон хандсаныг харуулж байна. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцжээ. Уулзалтын дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Ерөнхийлөгч Д.Трамп Умард Солонгосын удирдагчтай Сингапурт энэ сарын 12-нд уулзана” хэмээн мэдэгдсэн юм. Түүнээс гадна Ардчилсан Солонгосын Гадаад хэргийн яамны Хойд Америкийн асуудал хариуцсан ажилтан Чой Кан Илийн нэр Бээжингийн олон улсын нисэх буудлын мэдээллийн санд бүртгэгджээ.

Тэрбээр Ким Ён Чолыг дагалдаж явсан эсэх нь тодорхойгүй байна. Үүнээс гадна Умард Солонгосын төрийн зөвлөлийн гишүүн, Ким Жон Уны шадар хүн гэгддэг Ким Чан Сон Бээжингээр дамжин Сингапур руу ниссэн талаар эх сурвалжууд дурджээ. Энэ явдалтай зэрэгцэн Цагаан ордны төлөөлөгчид Япон дахь Ёкотагийн агаарын цэргийн баазаас Сингапурыг зорьсон тухай NHK мэдээлсэн байна. Эдгээр үйл явдал Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалтыг анх төлөвлөсний дагуу ирэх сарын 12-нд Сингапурт зохион байгуулахаар талууд яаравчлан ажиллаж эхэлснийг харууллаа гэж ажиглагчид тайлбарлаж байна. Энэ өдрүүдэд АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчид хоёр Солонгосын хил дээр мөн хэлэлцээр хийж байгаа билээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)